Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ өөрийнх нь дроныг Ираны пуужин устгасныг хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Ормузын хоолой орчимд АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа Ираны хувьсгалт гвардын төлөөлөгч мэдээлсэн билээ.

Тэгвэл АНУ-ын батлан хамгаалах яам өөрийнх нь дрон олон улсын агаарын орон зайд нисэж байх үедээ Ираны газар-агаар ангиллын пуужинд оногдож унасныг дөнгөж сая баталсан байна.

Ираны тал дроныг өөрийнх нь агаарын хилд нэвтэрсэн тул Хормозган мужийн Кухмобарак дүүргийн нутагт устгасан гэж мэдээлж байв.

Пентагон устгагдсан дроныг MQ-4C Triton загварынх байсныг мэдээлжээ.

Ийнхүү хоёр улсын зөрчлийг хурцатгах бас нэг хэрэг явдал нэмэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойд газрын тос тээвэрлэж явсан хоёр хөлөг халдлагад өртөхөд АНУ-ын тал Ираныг буруутгаж байв. Тегераны эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа.

Ираны засгийн газрын дэмждэг Йемений босогчид АНУ-ын Ойрх Дорнод дахь гол холбоотон Саудын Арабын нутагт пуужингийн болон дроны цохилт өгөх явдал сүүлийн өдрүүдэд нэмэгдээд байна.

 

Эх сурвалж: BBC