Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменигийн шууд удирдлагад байдаг Хувьсгалт Гвардынхан өнөөдөр өглөө агаарын хилд нь нэвтэрсэн АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлажээ.

Дроныг устгасан газар нь нийслэл Тегеранаас зүүн өмнө зүгт 1,200 км зайтай Хормозган мужийн Кухмобарак дүүрэг юм байна. Энэ бүс нутаг нь Персийн буланг Энэтхэгийн далайтай холбодог Ормузын хоолойд ойрхон оршдог.

Унагасан дрон нь RQ-4 Global Hawk загварынх болохыг Хувьсгалт Гвардын төлөөлөгч Ираны IRNA агентлагт мэдээлсэн байна.

Уг мэдээллийн үнэн эсэхийг АНУ-ын төв тойргийн командлалын төлөөлөгчөөс тодруулахад шууд хариулахаас зайлсхийж, “Ираны нутаг дэвсгэрт манай ямар ч дрон байхгүй” гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ.

Сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны харилцаа хурцадмал байдалд шилжиж, анхаарал болгоомжгүй үйлдлээс зэвсэгт мөргөлдөөн дэгдэхэд ойрхон болоод байгаа.

АНУ-ын армийн зэвсэг техник, олон мянган цэрэг үндэсний эрх ашгаа хамгаалах нэрээр Персийн буланд төвлөрөөд байна.

Өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг халдлагад өртсөн бөгөөд хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа.

Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, хариуд нь эдийн засгийн хоригийг цуцлах 2015 оны гэрээнээс АНУ өнгөрсөн онд гарсны дараа талуудын харилцаа муудаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press