Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Буддорж: Төрийн өмчийн их сургуулиудад багш нь ном шахдаг, хүйсийн ялгаварлал гаргадаг зөрчил байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийлгэсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг өнөөдөр танилцууллаа.

"Авлигын эрсдлийн үнэлгээ гэдэг нь ямар нэгэн хэрэг зөрчил, баримт илрүүлэх зорилготой биш. Харин хэрэгт орохгүй байхад нь анхаарч ажиллах явдал юм. Тэр ч утгаараа мэргэжлийн судалгааны багт захиалга өгч тодорхой сургуулиудыг судалгаанд хамруулжээ.

Учир нь МУИС, МУБИС, АШУҮИС нь төрийн албыг боловсон хүчнээр хангадаг төлөөлөл болсон байгууллагууд тул чухал ач холбогдолтой урьдчилан сэргийлэх ажил болсон. Авлигын хэрэг гарах шалтгааныг олж илрүүлэх нь чухал гэдгийг АТГ-ын судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр онцоллоо.

Иймд судалгааны үр дүнгийн талаар Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төвийн тэргүүн, судлаач Л.Буддоржоос тодрууллаа.

- Авлигын эрсдлийн судалгааг сургуулиуд дээр хэрхэн хийсэн талаар болон нийтлэг илэрсэн зөрчил юу байсан бэ?

- Гурван сургууль нь дундаж эрсдэлтэй, эрсдэл багатай гэсэн үнэлгээг авсан. Эрсдлийн дүнгээр нь харвал МУИС 2.92, МУБИС 2.57, АШУҮИС 3.02 үнэлгээтэй буюу дундаж эрсдэлт үнэлгээтэй байлаа. 

Нийтлэг илэрсэн зөрчлийн тухайд төсөв санхүү, шилэн данстай холбоотой зүйлс байсан. Судалгааг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс энэ сарыг хүртэл хийсэн бөгөөд тоон судалгааны, чанарын, баримт шинжилгээний аргыг ашигласан.

- Төсөв санхүүгийн хувьд дундаж эрсдэлтэй гэж үнэлэхэд юу нөлөөлсөн бэ?  

- Мөнгө орж гардаг газарт төсөв санхүүтэй холбоотой асуудлууд гардаг. Сургуулиудын хувьд мөнгө эргэлддэг баримт бичгийн бүрдэл дутуу ба и-баримтгүй, тайландаа бүрэн бүртгээгүй  тохиолдлууд байлаа. Ер нь тоо их зөрөөд, цэгцгүй байсан. Дундаж эрсдэлтэй бүлэгт орлоо гээд энэ нь авлигын асуудалд орчихсон гэсэн үг биш. Харин авлигад өртөх магадлал байна гэдгийг л хэлж буй хэрэг.

Бидний хувьд тагнаж, шалгадаг хуулийн байгууллага биш учраас хөндлөнгөөс нь тухайн байгууллагын албан ёсны мэдээлэл, бүртгэл тайлан, албан ёсны цахим хуудас болон ажилтнуудтай нь уулзаж мэдээллээ цуглуулсан.

- Хөндлөнгийн байгууллагын нүдээр харахад ямар зөрчлүүд байгаа нь ажиглагдсан бэ?

- Хөндлөнгийн байгууллагын нүдээр харахад багш нар жоохон ёс зүйгүй байна уу даа гэж харсан. Өмнөх арван жилээ бодвол гайгүй байгаа ч ёс зүйн зөрчил дутагдал байна.

Оюутнууд хэлэхдээ багш нар нь ном шахдаг. Ном авбал оноо нэмнэ гэдэг. Хүйсийн ялгаварлал гаргадаг. Тухайлбал, эмэгтэй багш нар нь эрэгтэй оюутанд, эрэгтэй багш нар эмэгтэй оюутанд илүү ханддаг. Мөн анх төрүүлсэн сэтгэгдлээр оюутнуудыг төгстөл нь үнэлдэг гэх зөрчлүүдийг ихэнхдээ хэлсэн.

- Судалгааны үр дүнд тулгуурлан сургуулийн удирдлагуудад ямар зөвлөмж өгсөн бэ?

- Авлигаас ангид байя гэвэл байгууллагын удирдлага өөрөө чин хүсэл эрмэлзэлтэйгээр бусад ажилчдаа манлайлж, удирдан чиглүүлж оролцох шаардлагатай. Тиймд байгууллагын удирдлагууд нь манлайлж ажиллах, байгууллагынхаа онцлогт тулгуурласан бодлого боловсруулж ажиллах зэрэг зөвлөмжүүдийг өгсөн. Их сургуулиуд авлигын эсрэг бодлогогүй байна. Огт авлигын эсрэг ажил хийгддэггүй гэж хэлж болохгүй. Гэхдээ цаасан дээр байлгаад бодит ажил болгож чадахгүй байна.