Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Умард Солонгост 50,000 тонн цагаан будаа хандивлана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хүнсний хомсдолд орсон Умард Солонгосын иргэдэд зориулж 50,000 тонн цагаан будаа илгээхээр болсноо Өмнөд Солонгосын засгийн газар зарлажээ.

Олон улсын эдийн засгийн хориг, ган гачиг Умард Солонгосыг хүнсний ноцтой хомсдолд хүргээд байгаа юм.

НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр тусламжийн будааг хүргэх ажлыг зохион байгуулах ажээ. Өмнөд Солонгос хамгийн сүүлд 2010 онд өөрийн умард ахан дүүст хүнсний тусламж үзүүлж байв.

Тухайн үед 5,000 тонн будаа хандивласан нь өнөөдрийн тусламжийн 10 хувь орчим болж байна.

Саяхан бас Сөүлийн эрх баригчид Умард Солонгосын хүүхэд, эмэгтэйчүүдийн хүнс тэжээл, эм тарианы хангамжид зориулж $8 саяын тусламжийг НҮБ-аар дамжуулан илгээжээ.

Умард Солонгосын 10 сая иргэнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй болоод байгааг НҮБ өнгөрсөн сард мэдээлж байв. Тус улсын иргэд өнөөдрийн байдлаар өдөрт 300 грамм хүнсний нормтой амьдарч байгаа гэнэ.

2018 онд Умард Солонгост сүүлийн 37 жилд тохиогоогүй хүчтэй ган гачиг болж, хангалттай ургац авч чадаагүйгээс өлсгөлөнгийн ирмэгт хүрээд байгаа юм.

 

Эх сурвалж: BBC