Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэргүүн баян их сургуулийн шинээр элсэгчдийн төлбөрийг төгстөл нь даахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын өмнөд бүсийн Шантоу их сургуульд энэ жил шинээр элсэх оюутнуудын төлбөрийг төгстөл нь буюу 5 жилийн турш даах шийдвэрийг Хонг Конгийн хамгийн баян хүн гаргажээ.

Хонг Конгийн тэрбумтан Ли Ка Шиний “Li Ka-Shing Foundation” сан дээд боловсролыг хүртээмжтэй болгох төслийнхөө хүрээнд уг шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан байна.

Супермэн хочтой, 90 настай Ли Ка Шиний хөрөнгийн хэмжээ $30.4 тэрбум болохыг Форбс сэтгүүл тооцоолсон байдаг. Тэр Хятадад төрсөн ч 1940 онд Японы түрэмгийллээс зугтаж Хонг Конгт ирээд үйлдвэрийн ажилчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

Лигийн бизнесийн вант улсад үл хөдлөх хөрөнгүүд, далайн боомтууд, гар утасны CK Hutchison Holdings оператор байдаг. Тэр өнгөрсөн оны тавдугаар сард тэтгэвэртээ гарч, хүүдээ бизнесийн удирдлагаа шилжүүлж байв.

Хятадын Гуандун мужийн Шантоу их сургууль нь 10,000 гаруй оюутантай, жилийн сургалтын төлбөр нь $8,690 орчим гэнэ.

Ли Ка Шин энэ жилийн элсэгчдийн төлбөрийг дааснаар жил бүр $14.4 сая орчмыг зарцуулах юм.

Сар орчмын өмнө АНУ-ын тэрбумтан Роберт Смит 2019 онд Морхаусын коллежийг төгсөж байгаа 400 төгсөгчийн сургалтын төлбөрийн өрийг төлж барагдуулах шийдвэрээ зарлаж байв.

 

Эх сурвалж: Business Insider