Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин, Дональд Трамп нар Японд уулзаж, худалдааны яриа хэлэлцээгээ сэргээхээр болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ, Хятад улсуудын удирдагч нар энэ сарын сүүлээр Японы Осакад болох “Их 20”-ын чуулганы үеэр уулзаж, худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан твиттер хуудсандаа мэдээлжээ.

Трамп Мягмар гарагийн орой Ши Жиньпинтэй утсаар ярилцахдаа Японд “өргөтгөсөн уулзалт” хийхээр тохирсныг мэдээлсэн байна.

Олон сарын хугацаанд Вашингтон, Бээжин хотуудад дараалан үргэлжилсэн хоёр орны худалдааны хэлэлцээр өнгөрсөн сард мухардалд орж, зогсон юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрнийг худалдааны маргаанаа шийдэх эцсийн шатандаа орсон гэж харж байсан хүмүүст энэ нь цочир мэдээ болж байв.

Өмнө нь нэгэнт хийгдсэн тохиролцоонуудаасаа буцаж эхэлсэн тул хэлэлцээр зогссон гэж Вашингтоны засаг захиргаа Хятадын талыг буруутгаж байсан юм. Үүний дараа Дональд Трамп $200 тэрбумын дүнтэй Хятадын бараанд импортын татвар оногдуулж эхэлсэн.

Дараа нь тэр хэрвээ талууд худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол дахин $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оногдуулна хэмээн сүрдүүлж байв. Хэрвээ ингэвэл АНУ-д Хятадаас импортлодог бүх бараа татвартай болох юм.

Өчигдөр бас Хятадын төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг Ши Жиньпинийг Дональд Трамптай уулзах бэлтгэлээ хангасан талаар мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC