Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн зургаа дахь том хот ундны усгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн өмнөд бүсийн Ченнай хот (хуучнаар Мадрас) усны гачигдалд ороод олон хонож байна.

Тус хотын гол дөрвөн усны нөөцийн сан хатаж, хоосорсон тул оршин суугчид нь зөөврийн машинаас ус авахаар урт дараалалд олон цаг зогсдог болжээ. Ресторан, зоогийн газрууд усны нөөцгүй гэсэн шалтгаанаар хаалгаа барьсан байна.

Хотын захиргааны албан хаагч “Зөвхөн хур бороо л Ченнайг аварна” гэж ярьжээ.

4.6 сая оршин суугчидтай Ченнай нь 2011 оны хүн амын тооллогоор Энэтхэгийн зургаа дахь том хотод тооцогдож байгаа. Усаа хэмнэхийн тулд хотын метро агааржуулалтын системээ унтрааж, албан байгууллагууд хүмүүсээ гэрт нь ажиллуулдаг болжээ.

Усны хомсдол нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх болсон байна. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт ус булаацалдаж хөршөө хутгалсан эрэгтэйг цагдаа нар баривчилжээ.

Ченнай хотын захиргаа усны нэмэлт эх үүсвэр гаргахаар ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байгаа гэнэ. Одоо зөөврийн машинууд хотын дүүргүүдэд хязгаарлагдмал хэмжээтэй ундны ус түгээх ажлыг зохион байгуулж байна.

Хэрвээ энэ жил хангалттай хур тунадас унахгүй бол ирэх жил хот сүйрнэ гэж албаны эх сурвалж ярьжээ. 

 

Эх сурвалж: BBC