Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийллийн дуулианы улмаас Пентагоны тэргүүн огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Жэймс Мэттис өнгөрсөн оны арванхоёрдугаар сард огцорсны дараа Патрик Шанаханыг ерөнхийлөгч Дональд Трамп түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.

Түүнийг жинхлэх асуудлыг сенатад удахгүй оруулах гэж байгааг Цагаан ордон тавдугаар сард зарлаж байжээ.

Тэгвэл өчигдөр Дональд Трамп түүний нэрийг татаж байгаагаа твиттер хуудсандаа зарласан байна. Саяхан Шанаханы хувийн амьдралтай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуулиан хэвлэлүүдэд гарсан нь үүнд нөлөөлсөн бололтой.

Олон жилийн өмнөх хувийн амьдралын гашуун түүх нь сөхөгдөж, Пентагоны тэргүүнд нэр дэвших үйл явцад сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон тул албан тушаалаасаа татгалзаж байгааг Шанахан мэдэгдсэн байна.

USA Today сонинд мэдээлж байгаагаар 2010 онд тухайн үед эхнэр нь байсан Кимберли Жординсоныг тэр согтуудаа зодож байсныг цагдаагийн дуудлагын тэмдэглэлд бичсэн байжээ.

Мөн 2011 онд 17 настай хүү нь ээжийгээ бэйсболын цохиураар ухаангүй болтол нь зодож, түүнийг нь Шанахан “аргагүйн эрхэнд бие хамгаалах зорилготой хийсэн үйлдэл” гэж өмгөөлж байсан баримтыг Вашингтон Пост сонин дэлгэсэн юм.

Өмнө нь Боинг компанийн удирдлагад ажиллаж байсан Патрик Шанахан түүхэнд хамгийн урт хугацаагаар Пентагоны тэргүүний түр орлон гүйцэтгэгчийн албыг хашсан хүн болоод байгаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр Шанахан өчигдөр өглөө Цагаан ордонд Дональд Трамптай уулзахдаа огцрох хүсэлтээ өгсөн байна. Огцрох шийдвэр 100 хувь өөрөөс нь гарсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters