Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Каннын наадмын шагналт Өмнөд Солонгосын киног Умард Солонгос суртал нэвтрүүлэгтээ ашиглажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын нийгмийн тэгш бус байдлыг харуулсан “Parasite” (Шимэгч) нэртэй эмгэнэлт инээдмийн кино Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал мод”-ыг хүртсэн билээ.

Өмнөд Солонгос улс анх удаа уг нэр хүндтэй шагналыг хүртсэн нь энэ юм.

Тэгвэл уг киног Умард Солонгосын албан ёсны мэдээллийн суваг суртал нэвтрүүлгийн зэвсэг болгон ашиглажээ.

Тус улсын “Өнөөдрийн БНАСАУ” вэб хуудсанд “Энэхүү киног Өмнөд Солонгосын иргэд олноор шимтэн үзэж байгаа нь капитализм бол хүмүүсийг ирээдүйгүй болгож, баян хоосны ялгааг гүнзгийрүүлдэг ялзарсан нийгэм болохыг батлан харуулж байна. Уг кинонд мөөгөнцөрт идэгдэж, бохир ус үерлэсэн Wi-Fi-гүй суурийн давхрын сууцан дахь ядуу амьдралыг бодитоор үзүүлжээ. Эсрэгээрээ хүн бүрт тэгш боломж олгодог Умард Солонгосын шударга нийгмийг хүмүүс биширч, атаархаж байна” гэж бичсэн байна.

Үнэндээ Умард Солонгост амьдрал тийм ч сайн биш гэдэг нь олон баримтаар батлагддаг. Зөвхөн Пёньяны дэглэмд үнэнчээ батлан харуулсан хүн амын цөөнх тусгай орчин нөхцөлд амьдардаг бол ихэнх хэсэг нь хагас өлсгөлөнгийн байдалд амьдардаг.

Цөмийн болон пуужингийн зэвсэглэлд ихэнх нөөцөө шавхаж, олон улсын эдийн засгийн хоригт орсноос хоол хүнсний хомсдол байнга нүүрлэж байгаа.

Өнгөрсөн онд тус улс ган гачгийн улмаас түүхэндээ байгаагүй бага хэмжээтэй ургац хураасныг НҮБ мэдээлж байв.

Саяхан гаргасан судалгааны тоо баримтаас үзвэл Умард Солонгосын дундаж иргэний орлого Өмнөдийн дундаж иргэний орлогын дөрөв орчим хувьтай тэнцэж байна.

Гэхдээ Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосын нийгмийг төгс гэж хэлэх боломжгүй. Орон байр, боловсрол олж авах зардал улам бүр нэмэгдэж байгаагаас иргэдийн дунд баян хоосны ялгаа эрчимтэй нэмэгдэж байгаа. Нийгмийн энэ дарамт нь хүн амын өсөлтийг хязгаарлаж, ажиллах хүчний хомсдолд оруулж байна.

2017 оны байдлаар Өмнөд Солонгосын айл өрхүүдийн 17 хувь нь улсын дунджаас бага орлоготой буюу харьцангуй ядуу нөхцөлд амьдарч байгааг тус улсын засгийн газрын тоо баримтад өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP