Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани өөрийн крипто валютыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшдэг Фэйсбүүк компани өчигдөр Libra нэртэй шинэ крипто валют зах зээлд нэвтрүүлэх гэж байгаагаа зарлажээ.

Энэ төслийг хэрэгжүүлэх зорилготой Libra Association байгууллагыг Женевт байгуулж, гишүүнээр нь Mastercard, PayPal, Uber тэргүүтэй 28 компани нэгдсэн байна. Libra валютын гүйлгээг хариуцаж ажиллах Calibra нэртэй охин компанийг бас Фэйсбүүк байгуулжээ.

Calibra нь шинэ крипто валютыг хадгалах, илгээх, хүлээж авах дижитал хэтэвчийг бий болгож, Facebook Messenger, WhatsApp зэрэг үйлчилгээнүүдтэй холбох юм байна.

Libra валютыг бүрэн ашиглаж эхлэх хугацааг 2020 оны эхний хагас гэж төлөвлөжээ.

“Libra” нэр нь эртний Ромын хүндийн хэмжүүр, шударга ёсыг илэрхийлдэг оддын орд, франц хэлний эрх чөлөө гэсэн үгнүүдийн илэрхийлэл болохыг энэхүү төслийн ахлагч Дэвид Маркус тайлбарласан байна.

 

“Эрх чөлөө, шударга ёс, мөнгө. Эдгээр нь бидний бүтээхийг зорьж байгаа юмсыг бүрэн илэрхийлж байгаа” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Фэйсбүүкийн хоёр тэрбум гаруй хэрэглэгч өөр платформ руу шилжихгүйгээр хоорондоо мөнгө дамжуулж, худалдаа хийх боломжийг Libra хангах юм байна.

Гэхдээ хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг буруу зорилгоор ашигладаг хэмээн хэл аманд ороогдох болсон Фэйсбүүк компанид итгэх итгэлийн асуудал үүнтэй зэрэгцэн хөндөгдөж байна.

Тухайлбал Францын сангийн сайд Бруно Ле Мэйр өчигдөр Europe 1 радиод ярихдаа “Төлбөрийн энэ хэрэгсэл нь олон сая гүйлгээний баримтыг цуглуулах боломжийг Фэйсбүүк компанид олгох гэж байна. Тиймээс зохицуулалт зайлшгүй шаардлагатай” гэжээ.

Тэрээр Их Долоогийн гишүүн орнуудын төв банкны захирлуудад Libra-гийн талаар хэлэлцэх хүсэлт илгээх гэнэ.

Мөн АНУ-ын сенатын банкны хорооны гишүүн Марк Уорнер, Евро парламент дахь Германы хууль тогтоогч Маркус Фербер нар Фэйсбүүкийн шинэ крипто валютыг зохицуулах шаардлагатай тухай ярьцгаажээ.

Одоогоор Фэйсбүүк компани Libra төслийнхөө талаар АНУ, Швейцар, Британийн эрх баригчидтай ярилцаж байгаа гэнэ. Гэхдээ хэрхэн зохицуулах, хянах, лиценз яаж олгох асуудал тодорхой болоогүй байна.

2008 онд үүссэн биткоин одоогоор төв банкнуудын гаргадаг уламжлалт валютуудтай зэрэгцэн төлбөрийн шинэ хэрэгсэл болох гэж оролдож байгаа. Сүүлийн жилүүдэд зарим улсуудын засгийн газар биткоин тэргүүтэй крипто валютуудыг зохицуулахаар оролдож байгаа ч үр дүн муутай байна.

Крипто валют зохицуулалтгүй байгаагаас хөрөнгө оруулагчид их хэмжээний мөнгөө хулгайд алдах, мөнгө угаалт, терроризмийг санхүүжүүлэх зэрэг хууль бус зорилгоор ашиглагдах явдал түгээмэл байгаа.

Хэрвээ Фэйсбүүкийн Libra зах зээлд нэвтэрвэл зохицуулалт хийх боломж нэмэгдэж, крипто валют хүлээн зөвшөөрөгдөхөд түлхэц болж магадгүй юм.

Libra Association байгууллага Libra-г зах зээлд гаргах үедээ 100 гишүүнтэй болох зорилт тавьжээ. Гишүүн байгууллага бүр $10 саяын хувь нийлүүлснийхээ төлөө нэг саналын эрхтэй болох гэнэ.

Одоогоор тус байгууллагад ганц ч банк элсээгүй байна. 

 

Эх сурвалж: Reuters