Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Камерны өмнө Германы канцлерийн бие муудаж сандаргав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Берлин хотноо Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленскийг угтаж авахдаа Германы канцлерь Ангела Меркелийн хөл, бие илт салгалан чичирч байсан нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан юм.

Удирдагчид цэргийн найрал хөгжимчдийн тоглосон хоёр улсын төрийн дууллыг сонсож зогсох үеэр энэ явдал болжээ. Энэ үеэр Меркель биеэ хянахыг хичээж байгаа нь илт мэдэгдэж байв.

Гадаа агаарын температур энэ үед Цельсийн 28 хэм байжээ. Төрийн дууллын дараа Меркелийн бие хэвийн болж, Зеленскийн хамт түргэн алхалсаар дотогшоо орсон юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Меркель хоёр орны хамтын ажиллагааны асуудлууд, Минскийн энхийн хэлэлцээрийн явцын талаар Зеленскийтэй ярилцсанаа мэдээлжээ.

Харин өөрт тохиолдсон явдлын талаар огт яриагүй юм. Сүүлд сэтгүүлчид Меркелийн биеийн байдлыг асуухад тэр “Гурван аяга ус уусны дараа бие сайжирсан” гэж ярьжээ. Зеленский бас канцлерийн бие сайн байгааг гэрчлэн ярихад Меркель түүн рүү харан инээмсэглэж байв.

64 настай Меркель өмнө нь бас ийм байдалд орж байсан удаатай. Халуун нөхцөлд хангалттай ус уугаагүйгээс бие нь тавгүйрхсэн тухай тэр үед тайлбарлаж байжээ.

2005 оноос хойш Германыг удирдаж байгаа Меркелийн эрүүл мэндийн талаар албан ёсоор нийтэд ил болсон ямар нэг мэдээлэл байдаггүй. Германы хувь хүний нууцын тухай хуулиар ийм мэдээллийг ил гаргахыг хатуу хориглодог юм.

 

Эх сурвалж: Associated Press