Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн экс ерөнхийлөгч шүүх хурлын үеэр амьсгал хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Египет улсын анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч Мохамед Мурси өчигдөр Кайр хотод болсон шүүх хурлын үеэр амьсгал хураажээ.

Хууль бус тагнуулын ажиллагаа явуулсан хэргийг нь өчигдөр шүүж байсан юм. Шүүгч үг хэлэх боломж олгосны дараа 67 настай Мурси долоон минут орчим хугацаанд үг хэлснийхээ дараа гэнэт ухаан алдаж унасан байна.

Шүүхийн танхимаас эмнэлэгт хүргэгдэх замдаа тэр амьсгал хураажээ. Египетийн төрийн хэвлэлд мэдээлснээр экс ерөнхийлөгчийн үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байсан гэнэ. Мурси шүүхийн танхимд үг хэлэхдээ өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж, эрх баригчидтай холбоотой “олон нууцыг задлах” тухайгаа ярьж байжээ.

Исламын шашны уламжлалаар нас барсан хүнийг 24 цагийн дотор оршуулах ёстой байдаг. Тиймээс Мохамед Мурсиг өнгөрсөн шөнө Кайр хотын зүүн дүүрэгт оршуулжээ. Түүний оршуулгад гэр бүлийнхэн нь оролцсон байна.

Египет улсад олон жил тогтсон Хосни Мубаракын дэглэм 2011 оны хувьсгалын үр дүнд унасны дараа болсон чөлөөт сонгуулиар Мурси 2012 оны зун ерөнхийлөгч болж байв.

Гэвч түүний засаглалын жил орчим хугацаанд нэг хүний дарангуйлал тогтож, эдийн засаг доройтон исламын шашны нөлөө хэт хүчтэй болж ирсэн тул 2013 онд гарсан төрийн эргэлтээр Мурсиг огцруулж, шоронд хорьсон юм.

Төрийн эргэлтийн дараа Мурсигийн толгойлдог “Муслим ахан дүүс” улс төрийн хөдөлгөөнийг “террорист байгууллага” хэмээн зарлаж, Египетэд үйл ажиллагааг нь хориглосон байна.

Тус хөдөлгөөн Египетийн улс төрийн амьдралд 80 гаруй жил оролцож ирсэн түүхтэй, салбарууд нь дэлхийн 70 орчим улсад янз бүрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг.

2013 оны наймдугаар сард цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Мурсигийн дэмжигч голдуу мянга орчим хүн алагдаж, олон зуун хүнийг баривчилж байв. 

Катар улсад төрийн нууц мэдээлэл задруулсан хэргээр 25 жил, бусад олон жижиг хэргүүдээр дахин 15 жил хоригдох ялыг өнгөрсөн хугацаанд Мохамед Мурсид шүүхээс оноогоод байжээ.

2016 онд түүнд оноосон цаазын болон бүх насаар хорих ялуудыг цуцалж байсан юм.

Мурсигийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор хөндлөнгийн шинжилгээ явуулахыг хилийн чанад дахь “Муслим ахан дүүс” хөдөлгөөнийхөн өчигдөр уриалжээ. Тус хөдөлгөөн дэлхийн олон оронд байгаа Египетийн элчин сайдын яамдын гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах зар тараасан байна.

Эмнести Интернэшнл байгууллага мөн Мурсигийн үхлийн шалтгааныг тогтоож, өнгөрсөн хугацаанд ямар нөхцөлд хоригдож байсныг нь үнэлж дүгнэх шалгалт явуулахыг уриалжээ.

Египетийн одоогийн ерөнхийлөгч, генерал Абдель Фаттах эл Сиси нь Мурсигийн засгийн газарт батлан хамгаалахын сайд байхдаа 2013 онд төрийн эргэлтийг зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: AFP