Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Тогтолцооны шинэчлэл, цэвэрлэгээ хийх нь нийгмийн захиалга болсон

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг яг энэ цаг үед хэлэлцэж байна. МҮОНРТ-ээс санаачлан 11 сэтгүүлчийн хамт УИХ-ын дарга Г.Занданшатартай Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн талаар өчигдөр /2019.06.17/ ярилцсан юм. 

Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шалтгаан нь юу байсан, ямар өөрчлөлтүүд орох гэж байгаа, өгөөж нь юу болохыг УИХ-ын даргын ярианаас онцлон хүргэж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар

Өнөөдөр хуримтлагдаад буй нийгмийн асуудлууд 2000 оны дордуулсан гэгддэг 7 өөрчлөлт, тогтолцоотой салшгүй холбоотой гэдэгтэй эрдэмтэд, судлаачид санал нэгдсэн. 

Өнгөрсөн алдаанаас сургамж авч, засаж залруулж байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйг харсан шийдвэр гэдэгт итгэлтэй байна.

Улстөрчдийн хариуцлагагүй, замбараагүй явдлаас өнөөдрийн алдаа эхтэйг хүлээн зөвшөөрч байна.

Гажуудлаа засаж чадахгүй байгаа учраас хүнээс хамаардаг тогтолцоо бий болсон. 

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон системээр цөөхөн хэсэгт нь баялаг хэт их төвлөрсөн.

Нийгмийн дийлэнх хэсэг нь ядуу дорой. Тэгш бус байдал гүнзгийрсэн нь системийн хямралын гол эх сурвалж.

Үндсэн хууль бол системүүдийн систем юм. Нэг судсыг нь тасалчихвал системдээ шарх, буглаа үүсгэнэ үүнийг дордуулсан 7 өөрчлөлт тод харуулав гэж Гавьяат хуульч Б.Чимэд багш хэлсэн байдаг.

Дордуулсан 7 өөрчлөлт төрийн тогтолцоон дахь гажуудал, замбараагүй байдлын бас нэг шалтгаан болчихоод байна.

Үүнийг засаж залруулахын тулд тогтолцооны шинэчлэл, цэвэрлэгээ хийх нь нийгмийн захиалга болсон байна.

Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар

Нийт гишүүдийн талаас дээш хувиар буюу 39-өөс дээш гишүүн дэмжиж байж хууль баталдаг заалт оруулж байгаа.

УИХ гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх боломжгүй.

Дордуулсан 7 өөрчлөлт өөрөө Үндсэн хуулийг зөрчөөд баталсан байна гэж үзэж байгаа. Буруу зүйлийг засах нь яагаад буруу гэж.

Үндсэн хуулийн жаахан өөрчлөлт нийгэм, эдийн засагт томоохон үр дүн авчирдгийг Дэлхийн банк, НҮБ-ын шинжээч бидэнд зөвлөдөг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам, нэг парламент дангаараа санаачилж шийдэж байгаа асуудал биш.

Ард түмнээр хэлэлцүүлж, гурван Их хурал дамжиж, улс төрийн хүчнүүд оролцож,  эрдэмтэн судлаачдын боловсруулсан шинжлэх ухааны дүгнэлтийг үндэслэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. 

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаагүй. Зарим талаараа өргөтгөсөн.

Дордуулсан 7 өөрчлөлтийг засахдаа Засгийн газар, УИХ-ын эрх мэдэл танагдсан. 

Сайд нарыг томилохгүй, төсөв батлахгүй болсон. Ерөнхий сайдынхаа удирдлага дор мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах боломжтой болно.

УИХ-ын эрх мэдэл танагдаж, хариуцлага нь өндөр болж байгаа.

Сумын Засаг даргыг сонгодог болно.

Шүүгчийн ёсзүй, сахилга хариуцлагыг хянадаг шүүгчийн хариуцлагын зөвлөлийг байгуулах заалт оруулна.

Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэх заалт орж байгаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 55 болгосон. Эрх мэдэл нь хязгаарлагдаагүй. 55 настай ерөнхийлөгч боллоо гэхэд 61-тэйдээ Улс төрийн үйл ажиллагаагаа өндөрлөх бололцоотой болж байгаа. Гэхдээ үүнийг ард түмэн шийднэ.

УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг тогтоох асуудал яригдсан боловч залуучуудын маш их эсэргүүцэлтэй тулгарсан.  Нэг хоёрхон тохиолдлоос болоод залуучуудын орон болсон Монгол Улсад тохиромжгүй. Монгол Улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх залуучууд байна.

УИХ-ын гишүүн тендер, зээлд оролцохыг хатуу хориглож байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт орсноор иргэдэд яаж нөлөөлөх вэ?

12 жилийн дотор Монгол Улсад иргэдийн амьдралын дундаж түвшин, дундаж чинээлэг оронд очиж, 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгох боломжтой болно. 

Бид байгалийн баялагтаа эзэн болно. Байгалийн баялгийн тухайд цөөн хэдэн хүн баяжих биш нийт ард түмэндээ хүртээмжтэй, төр ашиглана гэсэн заалт оруулсан.

Төрийн бодлого тогтвортой хэрэгждэг болно.

Төсөвт суурилсан системийн авлига хулгай байхгүй болно. Ор үндэсгүй алга болохгүй ч эрс өөрчлөлт гарна гэдэг би итгэлтэй байна. 



"Бурхан тэнгэрээс бууж ирээд Монгол Улсыг өөрчилнө гэж байхгүй. Гаднаас нэг хүн ирээд өөрчилнө гэж байхгүй. Бид өөрөө өөрсдийнхөө алдааг засаж байж, улс орноо өөд нь татна. Гүйцэтгэх засаглал тогтвортой байж дэлхийн улс хөгжинө.

Шүүх нь шударга шүүдэг, хууль тогтоох байгууллага нь зөв хууль гаргадаг тэр гаргасан хуулийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлдэг байхыг л Үндсэн хуулийн зөв хяналт, тэнцэл, тогтолцоо гээд байгаа юм. Ийм л зорилго нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" гэдгийг тэрбээр онцоллоо.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн заалтуудаас: