Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн салбарын хувьд хууль, дагалдаж гарсан дүрэм журмуудын хооронд зөрчилтэй байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын томоохон эмнэлгүүд болох Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг болон ГССҮТ, ХӨСҮТ, Өргөө амжих газар эрүүл мэндийн зургаан байгууллагад Онц шийдэл ТББ болон Статистикийн судалгаа шинжилгээний хүрээлэн ТББ авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг хийжээ.Тус үнэлгээний дүнг өнөөдөр АТГ-т танилцууллаа.

Эрсдэлийн үнэлгээ бол тодорхой зөрчил хэрэг маргаан, зөрчил гэмт хэрэг илрүүлэх зорилготой ажил биш
 
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр "Авлигыг арилгахын тулд юуны өмнө их сайн оношлох ёстой. Үүний нэг хэлбэр нь дөрвөн сар үргэлжилсэн авлигын эрсдлийн үнэлгээ юм. Энэ үнэлгээг ганцхан эмнэлгийн байгууллага ч биш бид төрийн өмчит гурван их сургууль, өрийн өмчит зургаан том компани дээр энэ судалгааг хийлгэсэн. Дараагийн ээлжид бид энэ үнэлгээ хийгдсэн байгууллагууд болоод манай байгууллага хамтран гарч ирсэн эрсдэлийг хэрхэн арилгах тал дээр дорвитой ажиллана. 
Эрсдлийн үнэлгээ бол тодорхой зөрчил хэрэг маргаан, зөрчил гэмт хэрэг илрүүлэх зорилготой ажил огт биш. Харин авлигын эрдслийн шалтгаан нөхцлийг тогтоож, арилгах явдал юм. Өнөөдөр улсын томоохон эмнэлгүүдэд хийгдсэн судалгааг дүгнэж байна.

Хоёр хоногийн дараа бид их сургуулиудад хийгдсэн үнэлгээний дүнтэй ийм маягаар танилцаж, дараа долоо хоногт төрийн өмчит зургаан компанид хийсэн эрсдлийн үнэлгээтэй танилцана. Тэр үед ерөнхий байдлаар ямар эрсдэл тогтоосон тухай хэлэх боломжтой болно. Өнөөдрийн үнэлгээний хувьд эрүүл мэндийн салбар эрх зүйн зохицуулалтын хувьд хууль, дагалдаж гарсан дүрэм журмуудын хооронд зөрчилтэй байна” гэв. 

Эмч ажиллагсдын ёс зүй, тендерийн худалдан авалт, төсөв санхүүгийн захиран зарцуулалттай холбоотой эрсдэл нийтлэг байна

"Статискитийн судалгаа шинжилгээний хүрээлэн" ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэ “Манай байгууллага ГССҮТ, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн. Ингэхдээ бид АТГ-ын даргын тушаалаар батлагдсан авлигын эрсдлийн ерөнхий загвар, аргачлалыг барьж ажилласан. Тус эмнэлгүүд дээр нийтлэг гарч байгаа эрсдэл нь эмч ажиллагсдын ёс зүйтэй холбоотой асуудал, тендерийн худалдан авалт болон төсөв санхүүгийн захиран зарцуулалттай холбоотой асуудал ажиглагдаж байсан” гэв.

Тухайн хүнийг ажилд авах дүрэм нь тодорхой биш байсан нь ашиг сонирхлын эрсдэл дагуулж байна

"Онц шийдэл" нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Ш.Алтанхундага "Манай байгууллага хоёрдугаар сараас эхлэн эмнэлгүүдэд 10 чиглэлд судалгаа хийж, төсөв санхүү, бүтэц санхүүгийн зохион байгуулалт, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, мэдээллийн ил тод байдалтай холбоотой нийт 12 эрсдэл байна гэж үзсэн.

Үүнээс ёс зүйн хороотой холбоотой асуудал буюу хүмүүсийн гаргаж байгаа гомдлыг шийдвэрлэдэг нь тодорхойгүй. Мөн хүний нөөцийн хувьд буюу тухайн хүнийг ажилд авах дүрэм нь тодорхой биш байсан нь ашиг сонирхлын эрсдэл дагуулж байна.

Бид санамсаргүй байдлаар 100 гаруй иргэд, 100 албан хаагчдаас судалгаа авахад 10 хувьд нь бэлэг өгдөг авдаг гэдэг хариулт өгч байна. Энэ нь өөрөө ёс зүйтэй холбоотой эрсдэл юм. Гэхдээ 100-аас 10 хувь байгаа учраас бага энэ төрлийн эрсдэл бага гэж үзэж байна. 

Мөн худалдан авах ажиллагаанд 2018 оны хувьд нэгдүгээр эмнэлэг 360 орчим худалдан авалт хийснээс 191 худалдан авалтын гэрээг шууд байгуулсан байна. Гэвч ямар үндэслэлээр худалдан авалт хийгдсэн нь тодорхойгүй байсан. Тиймээс ямар үндэслэлээр яаж худалдан авалт хийгээд байгаа гэдгээ тайландаа тодорхой болгох шаардлагатай байна” гэв.

Авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчил хоёрын нөхцөл байдал шууд хараад ойлгоход бэрх

"Онц шийдэл" нийгэмд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир "Авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчил хоёрын нөхцөл байдал шууд хараад ойлгоход бэрх. Бэлэг сэлт өгөхүйц нөхцөл байдалд оруулж байгаа, өгөхгүй бол үйлчилгээ үзүүлэх байдлаа бууруулж байгаа эсэхээс хамаараад өөр.

Ёс зүйн зөрчлийн хувьд ямар ч авлигын гэмт хэргийн шинжгүй боловч бэлгийг сайн дураар өгч байгаа үйлчлүүлэгч, авч байгаа эмч нь эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл хамаарна. Үүний шалтгаан нөхцөлийг статистик мэдээлэл, ганцаарчилсан ярилцлага гэх мэт аргуудаар дүгнэхэд эмнэлгийн ажилтнуудын зүгээс бус үйлчлүүлэгчдээс хамааралтай байна.

Амаржих газрын хувьд уламжлалт зан үйлээрээ зарим хүмүүс хүүхдийг нь эх барьж авсан эмчдээ бэлэг өгөх тохиолдол гардаг. Энэ нь өөрөө тухайн бэлэг авч байгаа эмчийг авлигын эсвэл ёс зүйн зөрчилд оруулдаг.

Тиймээс иргэд өөрсдөө төрөөс үнэ төлбөргүй явуулдаг эх барьж авах гэх мэт эмнэлгийн үйлчилгээг үзүүлснийх нь төлөө эмч, сувилагчаа эвгүй байдалд оруулалгүй, уламжлалт зан үйлээ өөрчлөх хэрэгтэй” гэлээ.