Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүнийн уурхайн төслийн хувьд 2018 он маш сайн үзүүлэлттэй бүтээн байгуулалт өрнөсөн жил боллоо"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” ХХК 2018 оны жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

2018 онд “Оюу толгой” ХХК 157 мянган тонн зэс, 248 мянган унци алт, 873 мянган унци мөнгөний агуулга бүхий 746 мянган тонн баяжмал борлуулж, 1,180 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 240 сая ам.доллараар буюу 26 хувиар орлого нь өссөн үзүүлэлт юм. 

Ийнхүү орлого өсөхөд тус онд хилийн боомтын нэвтрүүлэлт сайжирч, өмнөх оны эцэст хуримтлагдсан байсан бүтээгдэхүүний нөөцийг борлуулж дууссан нь борлуулалтын орлогыг нэмэгдүүлсэн. Харин хүдрийн зэсийн агуулга болон зэсийн баяжмалын хэмжээ ерөнхийдөө 2017 оныхтой ойролцоо байсан бөгөөд зах зээл дээр зэс, алтны үнэ өссөн нь орлого нэмэгдэхэд мөн нөлөөлсөн гэдгийг тайлангийн эхэнд онцоллоо.

Санхүүгийн гүйцэтгэл
(сая ам.доллараар
2018 2017 2016 2015
Борлуулалтын орлого 1,180 940 1,203 1,635
Нийт ашгийн хувь (%) 26 9 21 33
Урсгал капиталын зардал 91 82 101 125
Гүний уурхайн бүтээн
байгуулалтын капитал
зардал
1,242 852 230  
Улсад төлөх татвар,
шимтгэл бусад төлбөр
200 180 189 256
Дотоодын худалдан
авалтын зардал 
899 657 333 291
Дотоодод хийсэн
зарцуулалт 
1,223 1,042 742 866

Өөрөөр хэлбэл, 2018 он “Оюу толгой” компанийн хувьд ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулж, компанийн нийгмийн үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлж, мөн нийгэм, орон нутгийн хөгжлийн хүрээнд Монгол Улсын хөгжлийг бодитой дэмжих зорилтоо тууштай үргэлжлүүлэн, өндөр амжилт гаргасан жил болсон байна.

Бүх оролцогч талууддаа үр өгөөжөө  нэмэгдүүлэхийн тулд бид цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөн, үндсэн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсээр байна
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “2018 он "Оюу толгой" ХХК-ий хувьд үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, ажилчдын маань ур чадвар дээшилсэн, хөгжил, дэвшил авчирсан жил байлаа. Уурхайн үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байгаа ч Оюу толгой нь Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй, бизнесийн болоод нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсон. Бүх оролцогч талууддаа үр өгөөжөө  нэмэгдүүлэхийн тулд бид цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөн, үндсэн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсээр байна. 

Жил бүр зургаа орчим хувиар өсөж байгаа Монгол Улсын эдийн засагт "Оюу толгой" компанийн гүйцэтгэх үүрэг асар их байгаа. Өнөөдрийн байдлаар бид бүхэн ДНБ-ий 11 хувьтай тэнцэх хэмжээний хувь нэмрийг оруулан ажиллаж байна” гэлээ. 

Өнгөрсөн зургаадугаар сард "Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн бизнесийн хөгжлийн 10 жилийн стратегийг баталсан. Энэхүү стратегид уурхайн цогцолборын стратегийн хөгжлийн төлөвлөгөө, ажилчдын чадавх, ур чадварын өсөлт, цахилгаан станцын төсөл, Өмнөговь аймагтай хамтын ажиллагаа өргөжүүлэх, ажиллах хүчний нөөцийг хөгжүүлэх, борлуулалт маркетингийн илүү боловсронгуй цогц болгох зэрэг зорилтууд тавигджээ.

"Оюу толгой" компани нь Монгол Улсын өмнөд хязгаарт оршдог зэс, алтны уурхай бөгөөд зэсийн агуулгаараа дэлхийд тэргүүлдэг ордуудын нэг.

Компанийн 2018 оны онцлох үзүүлэлтүүдээс нь харвал:

 
Гэрэл зургийг MPA.mn

"Гүнийн уурхайн төслийн хувьд 2018 он маш сайн үзүүлэлттэй бүтээн байгуулалт өрнөсөн жил болсон. Баяжмалын борлуулалт 2017 оны дүнгээс өссөн. 2017 оны 12 дугаар сард хилийн боомтод гарсан саатал 2018 оны эхний хагаст бүрэн арилж, саатлын улмаас хуримтлагдаад байсан баяжмалыг жилийн турш худалдан борлуулснаар баяжмалын худалдан авалт сайжирсныг доорх графикаас харж болно. 

График 1: Баяжмалын борлуулалт (мянган тонн, хуурай жингээр)  

 
`Оюу толгой` ХХК-ийн 2018 оны жилийн тайлангаас

Мөн өнгөрсөн оны хувьд бид бүхэн 18 сая хүн цагийн ажил хийсэн. Уг төсөл нь дэлхийд хэрэгжиж буй хамгийн том төслүүдийн нэг. Мөн тус онд шинээр 2,500 гаруй шинэ ажиллагчид авч ажиллуулсны дийлэнх нь монголчууд байлаа. Бас нэгэн онцлох үйл явдал бол гүний уурхайн 5-р босоо ам, уурхайн туслах барилга байгууламжууд, уурхайн агаар халаах систем, 2-р босоо амны шингэн бетон дамжуулах хоолой, 5,500 хүний кемп, бетон зуурмагийн дөрөвдүгээр үйлдвэр зэрэг гол гол барилга байгууламжуудыг барьж дуусгасан явдал" байсныг “Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн удирдагч Мишел Шаррон хэллээ.

Түүнчлэн “Оюу толгой” ХХК 2018 оны дөрөвдүгээр улиралд 92 хоногийн 88 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллажээ. “Оюу толгой” гэмтэл, бэртэл гарахаас сэргийлэхэд бүх чадлаа дайчлан, аюулгүй ажиллагааг үйл ажиллагааныхаа цөм болгон ажилладагтай холбож тайлбарлав. 

Харин ус ашиглалтын хувьд Оюу толгойн баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.4 шоо метр ус ашигласан байна. Ус дахин ашиглалтын түвшин энэ хугацаанд 88 хувь байжээ. 

Монгол ажиллагсдын хувь хэмжээ (хувь)

 
`Оюу толгой` ХХК-ийн 2018 оны жилийн тайлангаас

2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Оюу толгойн нийт ажиллах хүчний 92.6 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлж байгаа аж. 

Харин Татвар, хураамж, бусад төлбөр 2010-2018 (сая ам.доллар) харвал

 
`Оюу толгой` ХХК-ийн 2018 оны жилийн тайлангаас

2010-2018 оны байдлаар 2.3 орчим тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Тодруулбал, Үүнээс 2018 онд 200 сая ам.долларыг татвар, 122 сая ам.долларыг НӨАТ*-т тус тус төлсөн байна.  (“Оюу толгой” компани НӨАТ-ын буцаан авалтад хамрагддаггүй)

"Оюу толгой" ХХК-ийн Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа “Бид орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд тогтмол хөрөнгө оруулсаар байгаа. 2018 онд тогтвортой, урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” хэмээн хэллээ.

“Оюу толгой” компанийн 2019 оны зорилт:

  • Аюулгүй ажиллагааны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ хадгалах
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх
  • Цахилгаан станцын ажилд ахиц дэвшил гаргах › Үйл ажиллагаанаас орох мөнгөн урсгалын хэмжээг нэмэгдүүлэх
  • Гүний уурхайн зардал, хуваарийн нарийвчилсан үнэлгээ, тооцооллыг оны эцсээс өмнө дуусгах