Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Залуус залуустаа хандсан НАЙМАН УРИАЛГА

Б.Ану
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Залуусын дуу хоолой” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зургадугаар сарын 15, 16-нд “Туушин” болон “Blue Sky” зочид буудалд боллоо.

Монголын залуусын оролцоог дэмжиж ирсэн туршлагатай долоон төрийн бус байгууллага энэхүү уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол улсад тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэхээр 16-35 насны 1,000 гаруй залуу бүртгүүлж оролцлоо.

Тухайлбал, улстөрийн оролцоо, авлига ба ёс зүй, ил тод байдал, иргэний оролцоо, хотжилт, бизнес эрхлэлт, тогтвортой хөгжил гэхчлэн өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Түүнчлэн эдгээр хэсгийг мультимедиа үзэсгэлэн, чөлөөт мэтгэлцээн, хөгжмийн тоглолт, панел хэлэлцүүлэг гэхчлэн сонирхолтой хэлбэрүүдээр хийснээрээ онцлог байв.

Зохион байгуулалтын явцад “залуусын төлөө залуус” гэсэн агуулгыг баримталж салбар бүрт манлайлж буй залуусыг сонгож Зөвлөхүүдийн баг бүрдүүлсэн бөгөөд тэд хэлэлцүүлгийн формат, илтгэлийн сэдэв, агуулга гэхчлэн олон талаар анхаарч ажиллажээ.

Чуулга, уулзалтын үндсэн зохион байгуулагчаар Азийн Сан, “Митчелл” сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Уорлд Лөрнинг, Чех Каритас, Мерси Кор, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд нэгдсэн байна.

Чуулга уулзалтын хүрээнд явагдсан хэлэлцүүлгийн сэдвүүд:

  1. Бид үеийн үед юуг эрхэмлэх ёстой вэ? - Үе хоорондын яриа
  2. Мэдээллийн агуулгыг ялган танихад суралцах нь: Хуурамч мэдээлэл, баримт, үзэл бодлын ялгаа
  3. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба залуусын оролцоо 
  4. Хотын үйлчилгээ - Сайн засаглал 
  5. Залуус ба Тогтвортой хөгжлийн зорилтууд 
  6. Залуусын оролцоо 
  7. Төсвийн ил тод байдал ба мэдээллийн хүртээмж 
  8. Хог хаягдлаас баялаг руу - 3R Монголд 
  9. Залуу сонгогчийн боловсрол
  10. Улс төрийг шинээр тодорхойлох нь
  11. Залуусын бизнес эрхлэлт
  12. Авлига бас ёс зүй

Хоёр өдрийн хуралдааны дүнд харахад ажил мэргэжил, амьдран суугаа хот, орон нутаг үл хамааран залуус амьдралаа өөрсдөө цогцлооно, зална, хэн нэгний үг, сургаар амьдралаа авч явмааргүй байна гэдгийг хэлж байлаа.

Энэ нь дэд хуралдаан бүрт тэдний хуваалцсан түүх, тавьсан асуулт зэргээс илэрхий харагдсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулахад “Хаалганы цаана” хөдөлгөөнийг өрнүүлсэн, шинэхэн төгсөгчдийг ажилд ороход тусалж, сургасан “Тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр, 300 гаруй жилийн түүхтэй хотынхоо музейг авч үлдэхийн төлөөх “Улаанбаатар музей” төслийг хэрэгжүүлсэн гээд чадах чинээгээр, өөрийн хэрээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэээр зорьж байгаа санал, санаачлагуудаа залуус танилцуулсан нь тэд юу хүсэж, ямар замаар явахыг зорьж байгаагаа харуулсан хэрэг байв. Түүнчлэн салбар хурлуудад олон судлаач, мэргэжилтэн, шинжээчид ирж мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцаж юуг эрхэмжлэж, нандигнаж явах тухай үе хоорондын нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

“Залуусын дуу хоолой” чуулга уулзалтын төгсгөлд тэд үе, тэнгийнхэндээ дараах уриалгыг гаргасныг хүргэж байна.