2019/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.69₮
B30
УЛААНБААТАР
30°
|
17°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
B30
УЛААНБААТАР
24°
|
17°
08:00
S30
19°
09:00
S30
21°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S30
25°
13:00
S30
26°
14:00
S30
27°
15:00
S30
28°
16:00
S30
29°
17:00
S32
29°
18:00
S32
28°
19:00
S30
26°

Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ таниулахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 18
Үндэсний шуудан
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улс оны эхний таван сарын байдлаар 136 улстай худалдаа хийжээ. Тэдгээрийн тал хүрэхгүй улсад нь дотоодын бараагаа худалдаалдаг бол 132 улсаас нь бараа оруулж ирдэг байна.

Нийт бараа эргэлт зургаан тэрбум орчим ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 гаруй хувиар ахисан үзүүлэлттэй байгаа юм. Ирэх оны зургаадугаар сард бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад дэмжлэг болох “Дэлхийн экспортын форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа.

Энэ мэт Монгол Улс бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээл, ялангуяа Зүүн Азийн зах зээлд хэрхэн гаргах талаар сүүлийн үед эрчимтэй ярих боллоо. Тэр боломж, бололцоо нь ч харьцангуй бүрдэж байгаа жишээг “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” хэмээх арга хэмжээнээс сурвалжиллаа. 

Тус арга хэмжээнд Япон, Солонгос, Хятадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид оролцсон юм. Тухайлбал, Багануурт байдаг нэхий боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн, Өвөр Монголын улаан архи, эрүүл мэндийн цай, ЖДҮ эрхлэгчид, гоёл чимэглэл, гоо сайхны болон арьсан цүнх, эдлэлүүд гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцож байв.

Бизнес эрхлэгчдийн хувьд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн боловч Монголдоо төдийгүй гаднын зах зээлд гаргахад дэмжлэг нэлээд дутагддаг гэдгийг онцолж байсан юм. “Азийн хөрөнгө оруулагчид  Монголд” арга хэмжээний үеэр интернет  худалдаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ хялбар аргаар экспортлох боломжуудыг хэлэлцсэн юм. 
Энэ үүднээс paxmol.jp хэмээх сайтыг анх удаа Япон Улсын зах зээл дээр гаргаж, тэнд зөвхөн Монгол бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах юм байна.

Одоогоор бараа бүтээгдэхүүнээ байршуулах л үйлдсэн гэнэ. Уг жишгээр бусад улсын зах зээлд ч дотоодын бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар төслийн гүйцэтгэгч “Пакс Монголика” стартап компанийн захирал Э.Энхбаяр “Манай үйлдвэрлэгчдийн дунд экспортод бараа, бүтээгдэхүүнийг нь гаргаж өгнө гэж хууран мэхлүүлсэн тохиолдол нэлээд байдаг тухай тэдэнтэй ярилцаж байхдаа олж мэдсэн.

Мөн бизнес эрхлэгчдэд гадны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ зарж чадна гэсэн итгэл сул байсан. Бидний хувьд ч гэсэн өмсөж байгаа хувцас, зүүж байгаа цагнаасаа эхлүүлээд импортын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тийм учраас дан уул уурхайгаас хараат бусаар сайн чанартай, нэмүү өртөг шингээсэн Монгол брэндийг бий болгохыг чухалчилж байна” гэсэн юм. 

Тэд Япон Улсын “Glowd Inc” компанитай хамтарч худалдаа хийх юм. Японы төлбөрийн систем нь захиалга орж ирсний дараа сарын эцэст бодогддог тогтолцоотой байдаг боловч Монгол үйлдвэрлэгчдэд аюулгүй, ашигтай байдлаар төлбөр тооцоогоо хийх зарчмыг баримталж байгаа гэдгийг төслийг гүйцэтгэгчид мөн хэлж байна. Ийм учраас Япон, Солонгос, Хятад Улс руу дотоодын бараа, бүтээгдэхүүнээ гаргахын тулд юу хийх ёстой талаарх олон улсын худалдааны компаниудын төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.

Э.БАЯРБАТ: ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД АДУУНЫ МАХААР ХИЙСЭН НОХОЙНЫ ХООЛ ГЭЖ ГАНЦ Л БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАЖ БАЙСАН

(Япон Улс дахь “Marin Co” компанийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер)

-Япон Улсын зах зээл руу Европоос оливийн том, гоо сайхны бараа зэрэг олон бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компанид ажилладаг байсан. Туршлага дээрээ үндэслээд хэлэхэд, зах зээлд нь орох гэж байгаа улсынхаа бүтээгдэхүүний шалгуурыг манайхан сайн мэдлэггүй. 

Энгийн зүйл дээр их алдаж байна. Ялангуяа хүнсний аюулгүй байдлыг хангасан сав, баглаа чухал. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний түүхий эд нь органик сайн байдаг боловч яг тэр байдлаар нь хадгалж чаддаггүй.

Өөрөөр хэлбэл, муутгахгүйн тулд янз бүрийн бодис нэмдэг, тэр нь задарч ямар нэг байдлаар шаардлага хангахгүй болдог. Монголоос энэ компани адууны махаар хийсэн нохойны хоол гэж ганцхан бүтээгдэхүүн оруулж ирж байсан. Үйлдвэрийн технологиос нь эхлээд сав баглаа хүртэлх бүх үйл явцад нь анхаарч зааварчилгаа өгч, оруулж ирсэн. Энэ мэт анхаарснаар Монгол бараа, бүтээгдэхүүнээ Япон Улс руу гаргах боломж бий.

Д.САЙНХИШИГ: ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУДАЛДАЖ АВААД БАЙДАГ БОЛОХООС ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЭД ГАРГАХГҮЙ БАЙНА

(Солонгос Улсын “Celltrion Skin-сurе” гоо сайхны компанийн салбар хариуцсан захирал)

-Celltrion-ийн групп компани нь биотехнологийн эмийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний долоодугаарт, Солонгостоо эхний гуравдугаарт ордог. Жилийн өмнөөс Монголд бүтээгдэхүүнээ оруулж ирээд байна. Энгийн эмийн үйлдвэртэй харьцуулахад тэдний шийдэж чадаагүй эмчилгээний бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэдэг гэдгээрээ дэлхийд танигдсан юм.

Тиймээс Солонгос болон Монгол Улс хоорондоо гоо сайхны бүгээгдэхүүнээ солилцох боломж бүрдлээ. Монголоос Солонгос руу хамтран ажиллахыг хүссэн компанитайгаа очиж уулзахад цаг болон мөнгөө нэлээд алдана. Харин албан ёсны байгууллагуудаар дамжуулбал хямд, чанартай, найдвартай байдаг. 

Жишээлбэл, танихгүй хүн барааны үнэ асуувал Солонгос компани үнэтэй дуугарна шүү дээ. Сүүлийн үед Монголоос бизнес эрхлэгчид өөрийн брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнээ Солонгос Улсад ихээр захиалж үйлдвэрлүүлдэг болсон. Гэтэл тэнд гоо сайхны зургаан мянган үйлдвэр бий. Тэр дунд сайн, мууг алийг тэр гэхэв.

Энэ мэтээр манай бизнес эрхлэгчид Солонгос Улсаас гоо сайхны бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж аваад л байдаг болохоос дотооддоо үйлдвэрлээд гаргахгүй байна. Нэгэнт үйлдвэрлэсэн гаднын бүтээгдэхүүн дээр үнэ нэмж зарж байхаар дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарвал илүү ашиг олох боломжтой.

ХИРОЮҮКИ ШИРАИШИ: БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ БАЙХ НЬ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ШАЛГУУР

(Япон Улсын “Glowd Inc” гурван компанийн нэгдлийг үүсгэн байгуулагч)

-2010 онд компаниа үүсгэн байгуулснаас хойш Япон Улс даяар борлуулалтын стратегийн үйлчилгээ үзүүлдэг болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл, “Glowd Inc” компани нь Монголын “Mobicom” корпорац гэдэг шиг Японы үндэсний сүлжээ томоохон компанийн нэг юм. Тиймээс “Пакс Монголика” ХХК-тай хамтран Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд худалдаалах paxmol.jp сайтыг нээхээр зэхэж байна. 

Япон Улсын худалдааны зах зээлийг жишээгээр тайлбарлавал, хамтарч ажилладаг Энэтхэгийн нэг компани гэрээгээ цуцлахыг хүссэн учраас манай компанийн мэргэжилтнүүд биеэр очиж уулзсан юм. Ингээд яавал гэрээгээ үргэлжлүүлэх талаарх санал хүсэлтийг нь сонссон. Манайхтай гэрээгээ цуцлахгүйгээр багадаа хагас жил хамтарч ажилладаг компаниуд 95.2 хувь нь байдаг бол үлдсэн хувьд нь л хамтын ажиллагаагаа зогсоодог юм. Бат бөх харилцааг яаж бий болгож байна вэ гэхээр эхлээд үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг сонсож, олж мэдэх хэрэгтэй. 

Ер нь ганцхан асуудлаас болж гэрээгээ цуцлуулах хэмжээнд хүртэл гомдоллох компани байхгүй. Тэгэхээр тулгамдаад байсан асуудлыг нэг нэгээр нь шийдэж эхлэхэд үйлчлүүлэгчийн таатай харилцаа сэргэдэг. Бүр зарим нь нэмэлт үйлчилгээ авахыг хүсдэг бол нөгөө хэсэг нь зарим үйлчилгээгээ авахгүйгээр хөнгөлөлт эдлэхийг хүсдэг. Аль ч хүсэлтийг нь бид биелүүлж өгдөг. Үйлчлүүлэгчийн мэдэхгүй, ойлгохгүй асуудлыг эелдгээр шийдвэрлэж өгөх нь л чухал. 

Тэгвэл түүнийг дагаж асуудлууд аяндаа шийдэгддэг. Дараа нь тэдэнд тохирсон үйлчилгээг үзүүл. Ингэснээр уялдаатай, удаан хамтран ажилладаг учраас тухайн үедээ компанийн ашиг буурч буй мэт боловч ирээдүйд ирэх хөрөнгө оруулалт нэмэгддэг. Япон Улсын худалдан авагчдын хувьд маш эмзэг хүмүүс. 

Автобус цагтаа ирэхгүй тохиолдолд та нар яах вэ. Эсвэл цагтаа ирвэл баярлах уу. Энэ асуудалд таны хүлээж буй автобус цагтаа ирэх нь мэдээж хэрэг. Тиймээс баярлах үндэслэл байхгүй. Үйлчлүүлэгчдэд ч бас бид эелдэг, найрсаг үйлчлэх л ёстой. Энэ бол Японд энгийн л зүйл. Тэдний итгэлийг удаан хугацаанд хүч, хөдөлмөр зарцуулж байж олж авдаг. Бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэхэд хэцүү бөгөөд аюулгүй, эрүүл байх нь чухал. 

Япон Улсдаа брэнд цайг та бүхэн мэдэхгүй учраас түүний үнэ цэнийг мөн мэдэхгүй. Гэтэл тус цай нь Япондоо энгийн цайнаас хоёр дахин үнэтэй байх жишээний. Японы захын дэлгүүрт очиход тэр цайг эрүүл мэндэд тустай гэдэг ч юм уу нийтлэг имижтэй байдаг. Үүн шиг Монголдоо хэчнээн топ бараа, бүтээгдэхүүн байсан ч түүнийг нь Япончууд мэдэхгүй.

Тэд Монголын тухайд сумо, уудам тал, Чингис хаан гэсэн гуравхан ойлголтоор мэддэг. Харин Японыг Монголчууд самурай, Фүжи уул зэргээр нь төсөөлдөг. Гэтэл Япон Улсын иргэдийн нэг хүрэхгүй хувь нь л Фүжи уул руу алхаж үзсэн байдаг. Түүнчлэн Японд нэг ч самурай байхгүй. Самурайгийн зөвхөн үсийг нь авч үлдсэн ганц зүйл бол сумочид байдаг.

Тэгэхээр тухайн улсын талаарх бусад улсынхны төсөөлөл бодит байдалд яв цав нийцдэггүй. Тиймээс Монголдоо нэртэй бүтээгдэхүүн байх эсэх нь хамаагүй бүтээгдэхүүний чанар л дэлхийд өрсөлдөнө гэсэн үг. Цаашлаад бүтээгдэхүүнийг байршуулж байгаа сайт нь өөрөө брэнд болж байж бүтээгдэхүүн танигдана. Худалдааны салбарт эхэлж байгаа бизнес тоог бус чанарыг чухалчилж үзэх хэрэгтэй.

ЛИ ЧАНГ СОН: ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ГЭДЭГ ОЙЛГОЛТ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА

(БНСУ-ын “Zeffiro Inc” компанийн үүсгэн байгуулагч)

-БНСУ-д жижиг, дунд үйлдвэрлэлээс эхлээд олон улсын худалдаа хүртэлх бизнес эрхэлж байна. Ялангуяа интернет худалдааны бизнесээр мэргэшсэн, БНСУ-ын гадаад худалдаа, экспортын шилдэг 30 компанийн нэг юм. 
Сүүлийн үед олон улсын худалдаа гэдэг ойлголт их өөрчлөгдөж байгаа. Уламжлалт аргаар олон улсын худалдааг хийхэд хамтарч ажиллах байгууллага, хүмүүсийг олох асуудал хамгийн их тулгамддаг байсан. Одоо бол хамтран ажиллах байгууллагаа хайхаас илүү гадаадад байгаа хэрэглэгчид шууд хандах, харилцах боломжтой болсон. Иймээс онлайн худалдаа хөгжиж байгаа энэ үед онлайнаар худалдаа хийх нь дэлхий дахинд бараа бүтээгдэхүүнээ гаргах нэг шийдэл болж өгнө.

Солонгос Улс онлайн худалдаагаа яаж хөгжүүлсэн бэ гэхээр тэр чиглэлийн төрөл бүрийн хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг Засгийн газраас болон томоохон компаниудаас эрчимтэй зохион байгуулж байсан. Экспортыг хөгжүүлэхийн тулд худалдааны салбарт мэргэшсэн хүмүүсийг бодлогоор авч ажиллуулж байсан. Энэ үед англи хэлтэй хүн л олон улсын худалдаа хийж чаддаг байсан бол орчин үед англи хэлтэй хүнээс илүү нарийн мэргэжилтэн хэрэгтэй болсон. 

Тухайлбал, компани өөрсдөө дагнаж бараа, бүтээгдэхүүнээ хилээр гаргахын тулд тэр чиглэлийнхээ сайн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах хэрэгтэй. Эсвэл олон улсын худалдаа зуучлалын мэргэжлийн компаниудын дэмжлэгийг авч болно. Орчин үед цахим хэрэгслээр дамжуулж ямар ч бүтээгдэхүүнийг бүх талаас нь сурталчилж, худалдаалж болж байна. Солонгос Улсын зах зээлийн онцлог гэвэл дээд зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг шаардаж байдаг. Бүтээгдэхүүний үзэмж чухал. Ийм учраас сав, баглаа боодолд нь илүү анхаарах хэрэгтэй.

РЭНЦЭНДОНРОВ: ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХЯЗГААР БАЙХГҮЙ

(БНХАУ-ын шууд худалдааны компани болох “Монгол Хан” компанийн үүсгэн байгуулагч)

-“Монгол Хан” компани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод төвтэй үйлдвэрлэл худалдааны байгууллага юм. Кофе, архи болон чихрийн үйлдвэр, “Вичат” онлайн дэлгүүр, цахилгаан авто машины дэлгүүр, кофе шоп гээд 40 гаруй дэлгүүрийн сүлжээ болон тээвэрлэлт, хүргэлтийн асуудлыг цогцоор нь шийдэж ажилладаг гэдгээрээ онцлог. Үйлдвэрлэгч сайн бараа бүтээгдэхүүн гаргаж чадах л юм бол Хятад Улсын зах зээл хязгаарлашгүй том бас төрөл бүрийн боломж нээлттэй байдаг.

x