Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа Ирантай тулгарах 1,000 цэргийг Ойрх Дорнод руу нэмж илгээхээр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ираны аюул заналыг хязгаарлах зорилгоор Ойрх Дорнодод нэмж 1,000 цэрэг илгээж байгааг Пентагон өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн сарын эхнээс Ираны аюул занал нэмэгдэж байгаа шалтгаанаар АНУ-ын их хэмжээний зэвсэг техник Персийн буланд төвлөрөх болсон. Үүнд USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгчийг цохилтын бүрэн бүрэлдэхүүний хамт илгээсэн бол бөмбөгдөгч болон сөнөөгч нисэх онгоцнууд, агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем, олон мянган цэрэг илгээгээд байгаа.

Өнгөрсөн долоо хоногт газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг Оманы буланд аялж яваад халдлагад өртсөн нь үүнд бас нөлөөлж байна. Уг халдлагыг Ираны зэвсэгт хүчин далайн мина ашиглаж үйлдсэн хэмээн Пентагон буруутгаж байгаа. Харин Тегераны эрх баригчид үүнийг нь няцааж байна.

Өнгөрсөн сарын дундуур Ормузын хоолой орчим газрын тос тээвэрлэгч дөрвөн хөлөг халдлагад өртөхөд Пентагон бас Ираныг буруутгаж байв.

“Бүс нутаг даяар Ираны зэвсэгт хүчин болон түүний дэмждэг бүлэглэлүүд АНУ-ын ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй байгааг манай тагнуулын албад мэдээлсэн. Үүнийг саяхан болсон үйл явдлууд баталж байна” гэж Пентагоны тэргүүн Патрик Шанахан мэдэгджээ. Гэхдээ тэр АНУ нь Ирантай дайн эхлүүлэх хүсэлгүй байгааг нэмж хэлээд Персийн буланд илгээж байгаа цэрэг, зэвсэг нь зөвхөн үндэсний ашиг сонирхлоо хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Business Insider