Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадаас гадна зарагдах гар утасны борлуулалтын хэмжээг 40 хувиар буурна гэж Хуавэй тооцоолжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргааны санаачилсан эдийн засгийн хоригт нэрвэгдээд байгаа Хуавэй компани Хятадаас бусад зах зээлд гар утасны борлуулалтаа 2019 онд анх төсөөлж байснаас 40 хувиар буурна гэж тооцоолжээ.

Өнөөдөр Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэн Зэнфэй тус компанийн Шэнжэнь хот дахь төв байранд хийсэн мэдэгдэлдээ уг тооцооллыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Хуавэй 2018 онд нийт 206 сая гар утас борлуулж байсан бөгөөд гадаад зах зээлийн 40 хувийн хорогдол нь ойролцоогоор 40 сая ширхэг гар утас гэсэн үг юм.

Борлуулалтын хэмжээгээ огцом бууруулж төлөвлөх болсон гол шалтгаан нь Google компани Андроид системийн лицензээ цуцлах болсонтой холбоотой. Андроидыг орлох өөрийн үйлдлийн системийг зах зээлд гаргахаар Хуавэй бэлдэж байгаа тухай мэдээ худалдан авагчдын шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй бололтой.

Саяхан Блүүмбэрг суваг тус компанийг Европын зах зээлд "Honor 20" загварын ухаалаг гар утас гаргах төлөвлөгөөгөө цуцалж болзошгүй байгаа тухай мэдээлсэн юм. Зургаадугаар сарын 21-нд буюу энэ Баасан гарагт Их Британи, Франц улсуудад нээлтээ хийх "Honor 20" загварын эрэлт хангалтгүй байвал нийлүүлэлтээ зогсоох төлөвлөгөөтэй байгааг уг мэдээнд өгүүлжээ.

Гэхдээ Хуавэйн гар утасны эрэлт Хятадын зах зээлд өндөр хэвээр байгааг Рэн Зэнфэй өнөөдөр мэдээлсэн байна. Хятадын зах зээлийн өндөр эрэлт бусад зах зээлийн бууралтын тодорхой хэсгийг нөхнө гэж таамаглаж байгаагаа тэр хэлжээ.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Рэн Зэнфэй АНУ-ын эрх баригчидтай зөвшилцөх сонирхлоо нуугаагүй байна. Трампын засаг захиргаатай хамтран ажиллах сонирхол нь нээлттэй хэвээр, Хуавэй компани Америкийн ард түмэнд үйлчлэхэд бэлэн байгааг тэр бас илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg