Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн сансрын хөлөг астероидын гадаргууд хамгийн их ойртож, дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн OSIRIS-Rex хөлөг өнгөрсөн долоо хоногт судалж байгаа астероидынхаа гадаргууд хамгийн ихээр ойртож, сансар судлалын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

Уг хөлөг Bennu нэртэй астероидын гадаргууд 640 метр зайнд ойртсон нь урьд өмнө ямар ч сансрын хөлгийн гүйцэтгэж байгаагүй амжилт юм. Ийм зайнд тойрон эргэхдээ астероидын газрын зураглалыг гаргаж, хөрсний дээж авахад хамгийн тохиромжтой цэгүүдийг тодорхойлох ажээ.

OSIRIS-Rex хөлөг наймдугаар сарын дунд хүртэл энэ тойрог замд ажиллана. Урьд нь тус хөлөг Bennu астероидын гадаргаас 1.2 км зайд хүрсэн нь өмнөх дээд амжилтад тооцогдож байв.

Долоон жилийн хугацаатай аялж яваа OSIRIS-Rex (Origins, Spectral Interpretation, Resource Identification, Security-Regolith Explorer) хөлөг 2016 оны есдүгээр сард дэлхийгээс хөөрч, 2018 оны арванхоёрдугаар сард Bennu-д хүрсэн юм.

Хөлгийн эцсийн зорилго нь астероидын гадаргад таван секундын хугацаатай хүрэхдээ хөрсний дээж авч, дэлхийд авч ирэх ажээ.

Эртний сансрын биетэд тооцогддог 262 метр радиус, 78 сая тонн жинтэй Bennu астероидын дээжийг судалснаар 4.5 тэрбум жилийн өмнө нарны аймаг хэрхэн бүрэлдэж бий болсныг нээх юм.

Bennu нь манай дэлхийд ойр орших биет бөгөөд 2135 онд манай гарагт сарнаас илүү ойр зайтай аялж өнгөрнө гэж тооцоолжээ. 2175, 2195 онуудад үүнээс ч илүү ойртох магадлалтай. Гэхдээ дэлхийтэй мөргөлдөх магадлал бага гэж судлаачид үздэг юм.

OSIRIS-Rex хөлөг 2023 оны есдүгээр сард дэлхийд буцаж ирнэ.

 

Эх сурвалж: CNN