Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Золзаяа: Компаниуд бондоор богино болон урт хугацааны санхүүжилт босгох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед компаниуд бонд гаргах замаар өөрийн бизнест шаардлагатай санхүүжилтийг амжилттай босгож байна. Иргэдийн хувьд ч энэ нь мөнгөө арвижуулах шинэ боломж болоод байгаа билээ. Энэ талаар “Ард Секюритиз” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золзаяатай ярилцлаа.


-Бонд гэж чухам юм болох талаар ярилцлагаа эхэлье?

-Бонд буюу өрийн бичиг нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой хоёр этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож өгдөг ба өрийн бичиг худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, өрийн бичиг гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм. Бонд нь нээлттэй болон хаалттай хэлбэрээр арилжаалагдаж болдог ба хөрвөх, эргэн дуудагдах, хямдруулалттай, урамшуулалтай, богино, дунд, урт хугацааны гэсэн төрлүүдтэй байна. Купон гэдэг нь банкны хүү гэж тооцон авдаг шиг бондын өгөөжийг хэлнэ.

-Нэг үе бодвол үнэт цаасны зах зээл сэргэж байна. Үнэт цаасны компанийн хувьд танайд энэ хэр мэдрэгдэж байна вэ?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд хүмүүс үнэт цаас гэж чухам юу болох талаар маш их сонирхон судлах болсон. 2018 он гарсаар бүр ч нэмэгдсэн. 1,072 ширхэг хувьцааг хөдөлгөх, арилжаалах тухай удаа дараагийн Засгийн газрын хэлэлцүүлэг, шийдвэрүүд, эдийн засгийн өсөлт үүнд нөлөө үзүүлсэн болов уу. Түүнээс гадна, компаниуд ар араасаа IPO, RTO хийж Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжаалдаг болж буй нь мөн нөлөөлж байгаа. Манайхаас гэхэд Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХК, Ард Кредит ББСБ ХК бүгд нээлттэй компани болоод байна. Энэхүү үйл явдал болгонд ард иргэдийн хувьцаа, бондын талаарх мэдлэг нэмэгдэж байгаа гэж бодож байна.

Манай компанийн хувьд өнгөрсөн жилийн туршид 50,000 гаруй иргэнд шинээр үнэт цаасны данс нээлээ. Энэ нь ард иргэд мөнгөө зөвхөн банканд хадгалуулах бус түүнээс өөр боломж, бололцоог хайж хөрөнгийн зах зээлийг сонирхож орж ирж буйн илрэл болов уу. 

-Бондыг нээлттэй болон хаалттай арилжихын ялгаа болон давуу талыг манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Дээр дурдсанчлан бондыг хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргаж болдог. Ямар ч хэлбэрийн компани хаалттай бондыг гарган тодорхой тооны хөрөнгө оруулагчдад санал болгох боломжтой байдаг бол нээлттэй бондыг тодорхой нөхцөл хангасан компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр олон нийтэд санал болгодог.

Хаалттай бонд нь хязгаарлагдмал хүрээнд гаргадаг учраас тухайн компани цаг алдахгүйгээр зорилтот цөөн тооны хөрөнгө оруулагчиддаа санал болгон харьцангуй богино хугацаанд хөрөнгө босгох боломжтой гэсэн үг.  Нээлттэй бонд гаргах шалгуурыг хангаагүй, бага зардлаар санхүүжилт татахыг хүссэн компаниудад илүү тохиромжтой.

ААН-үүд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө ихээр шаарддаг, эсвэл хөрөнгийнх нь үнэлгээг 60 хувиар тооцож хийдэг шүү дээ. Тэгвэл хаалттай бондын хамгийн гол давуу тал нь барьцаа хөрөнгийг бүрэн буюу 100 хувь хүртэл үнэлж болдог. Хүүний түвшин буюу купоны хувьд тухайн компанийн эрсдэл, үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр байх ч, ерөнхийдөө банкны зээлийн хүүнээс багаар тогтоож болдог.

Нээлттэй бондын хувьд яг л IPO гаргахтай адилаар тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой байдаг. Тухайлбал компани нь дор хаяж 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгөөс дээш, цэвэр ашиг 500 сая төгрөгөөс дээш, эсвэл санхүүжилт татах бондын үнийн дүн болон хүүгийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгөтэй байх зэрэг шалгууруудтай. Давуу тал нь биржээр дамжуулан нээлттэй хүрээнд олон нийтээс захиалга авах боломжтой. Анхдагч болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын үнэт цаас шиг арилжаалж болно, хөрвөх чадвар сайтай. Маркетингийн хувьд ч тухайн компанид эерэгээр нөлөө үзүүлэх боломжтой. Мөн шинэчилсэн татварын хуулиар нээлттэй бонд авч буй хөрөнгө оруулагчдын хувьд хүүний орлогын 5 хувийг татварт өгдөг болон буурах гэж байна.

-Тэгвэл томоохон ААН-үүдтэй дүйцэхгүй ч санхүүгийн чадвараа дээшлүүлэх хүсэлтэй дэвжиж яваа компаниудад хаалттай бонд илүү хүртээмжтэй байх нь ээ...?

-Ерөнхийдөө ингэж ойлгож болно. Дээрээс нь, өмнө хэлсэнчлэн, хаалттай бондын өгөөж арилжааны банкуудын зээлийн хүүгээс харьцангуй багаар тогтоодог учир санхүүжилтийн зардал багатай. Нээлттэй, хаалттай бондын аль алины купон төлөх хугацааг нь уян хатан нөхцөлөөр тогтоодог. Бонд гаргагч компани нь өөрийн бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан хүү төлөх хугацаагаа сар бүр, улирал бүр эсвэл бондын хугацаа дуусах үед төлөх нөхцөлийг тавьж болно. Ингэж уян хатан тогтоосноор бондоор татсан хөрөнгөө компани бизнестээ бүрэн зарцуулах боломжийг олгодог. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид болох бонд худалдан авагчдад банкны хүүнээс арай өндөр хүүтэйгээр, купон төлөлтөө уян хатан нөхцөлтэйгээр аван түүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой.

-Аль төрлийн үйлчилгээ явуулдаг компаниуд бонд гаргаж болох вэ?

-Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани бонд гаргах хүсэлтээ гаргаж болно.

-Танайхаас хаалттай бонд гаргах компаниудад хэр өндөр шаардлага тавьдаг вэ?

-Мэдээж хэд хэдэн шалгуур бий. Эхний ээлжид андеррайтер болох манай компани тухайн байгууллагын тухай судалгаагаа хийнэ. Үүнд андеррайтер компани тухайн компанийн эрсдэл, санхүүгийн үзүүлэлт, купоны эргэн төлөх чадвар, бизнес төлөвлөгөө, засаглал зэргийг харж судалдаг. Хэрэв тухайн компанийн баталгаа хөрөнгө сайн, эргэн төлөлт сайтай гэж үзвэл андеррайтерийн гэрээ хийсний үндсэн дээр үнэт цаасных нь танилцуулгыг гарган хаалттай хүрээнд тухайн өрийн бичиг сонирхож байгаа хөрөнгө оруулагчиддаа санал болгох энгийн зарчмаар явагддаг.

Барьцаа хөрөнгийг мөн холбогдох байгууллагад бүртгүүлдэг. Гэхдээ тухайн компанийн үзүүлэлтээс шалтгаалан барьцаагүйгээр, хувьцаанд (үнэт цаасанд) хөрвөх нөхцөлтэйгээр гаргах боломжтой байдаг.

-Бондын төрөл болон хөвөгч хүүтэй хөрвөгч нөхцөлтэй гэдгийг тодруулбал?

-Бондыг төрөл бүрийн нөхцөлтэйгээр гаргаж болдог. Тухайлбал хувьцаанд хөрвөх нөхцөл. Энэ нь бондын хугацаа дуусмагц, эсвэл хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан хөрөнгө оруулагчдад эзэмшсэн хувьцааны үндсэн болон хүүгийн төлбөрийг нь хувьцаагаар төлнө гэсэн үг юм.  Энэ мэтээр бонд гаргагч өөрт тохиромжтой нөхцөлөө сонгон санхүүжилт босгож болно. Мөн бодлогын хүүнээс хамаарч дээш доош хөдөлдөг хөвөгч хүүтэй бондыг гаргаж болно.

-Банканд мөнгө хадгалуулах бонд авах хоёрын ялгаа?

-Нэг үеэ бодвол хүмүүс мөнгөө зөвхөн банкинд хадгалуулах биш өөр боломжийг эрэлхийлэх болсон. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн болох хувьцаа болон бондыг сонирхож байна. Бондын давуу тал нь хувь хүний хувьд ч ААН-ийн хувьд ч банкинд мөнгөө хадгалуулахаас арай өөр мөнгөө хуримтлуулах боломж юм. Банкинд мөнгөө хугацаатай хадгалуулаад хугацаанаас өмнө авчихвал хүү нь багаар тооцдог бол бондын хувьд купоны өгөөжөө сар тутам, улирал тутамдаа аваад явах боломжтой. Мөнгөө ч өсгөөд цааш нь купон төлөлтүүдээрээ хөрөнгө оруулаад явах боломж нь илүү нээлттэй. Нэг талаасаа бонд нь хөрвөх чадвар сайтай, тийм учраас шаардлагатай тохиолдолд бондоо хоёрдогч зах зээл дээр хугацаанаас нь өмнө нь зарах боломжтой.

-Нэг талаас тухайн компанид итгээд хөрөнгө оруулсан хүмүүс мэдээллээ хэрхэн авах ёстой вэ?

-Манай толгой компани болох Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд энэ 5-р сарыг хүртэл хаалттай хувьцаат компани байсан учраас өөрсдийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж сошиал медиа, вэбсайт, Ардын цахим мэдээ болон хэвлэмэл тайлангуудаа гэрийн хаягаар нь хүргүүлэн байнга мэдээ мэдээллээ ил тод байлгадаг. СЗХ-оос бид  5-р сард RTO буюу урвуу нэгдэл хийн хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй арилжаалах боломжтой болсон байгаа. Удахгүй бид цан цохин арилжаагаа албан ёсоор нээх болно.

Нээлттэй бонд, хувьцаат компанийн тайланг хөрөнгө оруулагч ард иргэд маань шууд www.mse.mn болон тухайн компанийн өөрийнх нь вэбсайтаас авах боломжтой. 7 сарын 20-нд бүх компаниудын хагас улирлын тайлангууд тавигдах ёстой.

Нөгөө талаас хөрөнгө оруулж хувьцаа авсан хүмүүс тухайн компанийн эзэд нь гэж өөрийгөө ойлгож хандаасай гэж хүсдэг. Тухайлбал хувьцаа, бондыг нь авсан компаниараа үйлчлүүлж тухайн компанийн ашигт ажиллагааг дэмжих, тайлан мэдээллийг байнга олж авч мэдээлэлтэй байх хэрэгтэй.

-Одоогоор хэдэн компанид санхүүжилт босгоод байна вэ?

-Манай Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 оноос хойш 22 жилийн турш тасралтгүй санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа Монгол улсын ууган үнэт цаасны компани юм. Одоогоор бид 70 мянга гаруй харилцагчидтай ба МХБ-ийн арилжааны дүнгээр тэргүүлэх үнэт цаасны компаниудын нэгээр тодроод байгаа. Бид зайнаас буюу Ард Апп-аар дамжуулан хувь хүний үнэт цаасны буюу брокерийн дансыг нээж өгөн, IPO захиалгыг шууд онлайнаар авдаг болсон ба хоёрдогчийн арилжааг мөн Ард Апп дээрээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Анх Монинжбар компанийн бондыг хаалттай хүрээнд арилжиж 1.2 тэрбум төгрөг босгож байлаа. Үүнээс хойш Гермес центр, Базалтвүүл, Алтай кашмер, Хүннү Эйр зэрэг 20 аж ахуй нэгжид 110 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцлоо. Хамгийн сүүлд НэтКапитал ББСБ, Ард Кредит ББСБ, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, NAP барилга төслийн компаниудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь бондоор татаж өгсөн ба Ард Кредит ББСБ ХК-ийн IPO-ны туслах андеррайтераар амжилттай ажиллаж 299%-иар давуулсан захиалгыг олон нийтээс хүлээн авсан.

Шинээр бонд гаргах гэж байгаа компаниуд, хадгаламжаас өөр хөрөнгө оруулалт хүсч буй хувь хүмүүс, ААН-үүд бидэнтэй холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой. Төв салбар болон Ард Сэнтрал тауэр салбаруудаас манай групп компанийн мэдээллийг аваарай. Мөн шинээр гарсан бондыг сонирхож буй хүмүүс манай пэйж хуудсаар, утсаар мэдээллээ авч болно.

Бонд сонирхож байгаа компани хувь хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.