Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр Үндсэн хуулийн асуудлаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй уулзсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгах олон санал гаргасан. Тэр бүгдийг тусгах нь хязгаарлагдмал ойлголт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулиар 33 хувиас ихгүй өөрчлөлт оруулна гэж байгаа.

Одоо 20 гаруй хувьтай явж байна. Харин хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийн шатанд өргөн баригдсан заалтууд дээр саналыг нь авах, бага зэргийн өөрчлөлт оруулах асуудал бий. Ерөнхий сайд, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлж байгаа. АН-ын бүлгээс ч тодорхой саналуудыг мөн хэлж байна. Хэлэлцүүлгийн шатанд саналуудыг хэлэлцээд явах боломжтой” гэв.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлэг эхэлсэн. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуултаа асуусан, маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдож гишүүд мөн асуултаа асууна.

Олон нийтийн дунд МАН-ын 62 гишүүн гарын үсэг зурж, хуулийн төслийг дэмжчихээд яагаад сөрөг байр суурианаас асуулт асууж байна гэх эргэлзээ төрж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл учраас Дархан, Эрдэнэтийг хот болгох санал гаргаж байгаа. Иргэд ч гэсэн “Та гишүүн болвол энэ асуудлыг шийдээрэй” гэдэг. Ажлын хэсэг хэлэлцээд яг Дархан, Эрдэнэт гэж заахгүйгээр улсын чанартай болон орон нутгийн хотын статус байх нь зөв гэж үзсэн. Үүнийг гишүүд тайлбарлаж байгаа асуудал юм шүү дээ. Түүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжиж байгаа” гэж тодотголоо.

Харин УИХ-ын гишүүн Я.СодбаатарҮндсэн хуулийг нийгмийн зөвшилцлийн баримт бичиг гэж үздэг. Мөн Үндсэн хууль нь хамгийн эрхэм бодлогын баримт бичиг юм. Тийм учраас бүх улс төрийн намууд, төрийн бүх институтүүд ярилцаж, ойлголцох ёстой. Ийм ч учраас МАН энэ байр сууринаас хандаж байна. Үндсэн хууль дээр наймаа, тохиролцоо гэж байхгүй” гэлээ.