Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эверестийн оргилд авирах үнэтэй, үхвэл бүр үнэтэй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ он гарсаар дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд гарахаар авирсан уулчдаас 11 хүн амь үрэгдээд байна. Тэдний есийнх нь цогцсыг аврагчид амжилттай буулгажээ.

Эверестэд амиа алдсан уулчдын тоо нийтдээ 300 орчим гэж бүртгэгдсэн байдаг. 

Эверестэд гарах гол зам болох Балба улсын засгийн газар нэг уулчинд авирах зөвшөөрлийг $11,000-аар олгодог байна. Энэ онд тус улс 383 уулчинд түрүүлж ирсэнд нь түрүүлж өгөх зарчмаар зөвшөөрөл олгож, $4 сая орчмын орлого олжээ.

Гэхдээ энэ бол зөвхөн зөвшөөрөл авах зардал. Үүн дээр нэмээд газарчин хөлслөх, тоног хэрэгсэл, тээврийн зардал бүгд нийлээд $25,000-$45,000 орчим болдог байна. Хэр их мөнгө гаргана, төдий чинээ эрсдлээ бууруулдаг. Газарчны үүргийг Балбад амьдардаг шерпа угсаатнууд гүйцэтгэдэг.

Үүнээс гадна хэрвээ уулчин замд амиа алдвал цогцсыг нь Эверестээс буулгах зардал $20,000-аас $70,000-ын хооронд болдог байна. Олон уулчин энэ зардлыг төлөхгүйн тулд амь алдвал Эверестэд үүрд үлдэх сонголт хийдэг ажээ.

Жишээ нь энэ онд амиа алдсан 11 уулчны нэг болох 27 настай энэтхэг залуугийн цогцсыг буулгах зардал $44,000 болсон байна. Далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөр оргилд гарахаар явсан Рави Тхакур тавдугаар сарын 17-ны өдөр 7,920 метрийн өндөрт байрлах баазад хонохдоо амьсгал хураажээ.

Талийгаач өөрөө амиа алдвал яах талаар шийдээгүй ч гэр бүлийнхэн нь түүний цогцсыг буулгуулах хүсэлт гаргасан юм байна.

Эверестэд авирсан уулчдын осол эндлийн гол шалтгаан нь тэдний өөрсдийнх нь буруутай шийдвэр болдог гэнэ. Тухайлбал тэд газарчдын зөвлөгөөг үл тоосноос болж амиа алддаг. Уулчдын ихэнх нь авирахад бүх хүчээ зарцуулаад буцаж буух үед ямар ч чадалгүй болж, бие нь ачаалал дийлэлгүй амиа алддаг байна.

Авирах үед хэт ядарсан уулчинд буцахыг зөвлөдөг ч ихэнх нь зөвшөөрдөггүй тухай шерпа газарчид ярьжээ. Тиймээс Балбын засгийн газар Эверестэд авирагчдад зориулсан журмаа өөрчлөх талаар судалж эхэлсэн тухай албаныхан мэдээлсэн  байна.

Танзанийн Килиманжаро, Оросын Эльбруст авирах үед уулчид зөвхөн газарчийнхаа тушаалаар ажилладаг бол Эверестэд газарчин шерпа хүмүүсийн үгийг уулчид сонсдоггүй нь осол эндэгдэл гарахад нөлөөлж байна гэж тэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post