Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын сайд иргэн Ц.Мөнхтулгын хүсэлтийг анхааралдаа авахаа илэрхийлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Тархины саажилт" гэх оноштой иргэн Ц.Мөнхтулга Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт хандан ил захидал бичжээ. Тэрбээр захидалдаа боловсролын салбарт ажилд орох хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

Харин салбарын сайд түүний захидлыг нэгбүрчлэн уншиж үзээд, анхааралдаа авахаа илэрхийлжээ.

Ц.Мөнхтулгын бичсэн ил захидал:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг танаа

Сайн байна уу.
Миний бие нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6-р хорооны оршин суугч Ц.Мөнхтулга нь Соёл Урлагийн Их Сургуулийн харьяа Соёлын сургуулийн Номын санч – мэдээллийн ажилтны ангийг төгссөн мэргэжлийн номын санч билээ. Эхээс төрөхдөө эмчийн алдаанаас болж тархиндаа гэмтэл авч тархины саажилт өвчинтэй болсон. Тэр цагаас хойш “тахир дутуу”, “хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэх болж, нийгмийн эмзэг бүлэгт хамаарсаар ирсэн. Баянзүрх дүүргийн “Сувиллын цэцэрлэгийн 10-р цогцолбор”-т 1993 оноос 2003 он хүртэл хамрагдаж, Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуульд 2003 онд элсэн орж 2011 онд 11-р анги төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 онд “Элсэлтийн ерөнхий шалгалт” өгч СУИС-ийн Номын сан мэдээллийн ажилтны ангийг сонгон суралцаж 2015 онд төгссөн болно.

Миний бие тархины саажилт өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж, сайн эцэг эхийн ачаар бүх шатны боловсрол эзэмшихдээ бусдаас өөр хандлагыг нийгмээс хүлээн авч байсан. Зарим багш над руу зааж “Энэ юм ойлгодог юм уу?” гэж ч хэлж байсан удаатай. Багш нарын туршлага, арга барил дутуун дээр миний хэнэггүй гэнэн зангийн уршгаар зарим ерөнхий мэдлэгийг ерөөс эзэмшээгүй. Багш нар “Энэ хүүхдийг төгсгөх ёстой” гэсэн тушаал авсан мэт миний дүнг “шалгалт өгөөгүй” байхад 60%/D гаргадаг байсан.

Гэвч миний оюун ухаан эрүүл учир өөрт хэрэгтэй мэдлэгүүдийг бие дааж шахуу эзэмшсэн. Үүнд Монгол хэл, бичиг, түүх, уран зохиол багтана. Байгалийн шинжлэх ухааныг ихэд сонирхдог байсан ч би үзгээр бичиж чадахгүй гэдэгтээ итгэн байсаар, багш нар “төгсгөх л үүрэгтэй” юм шиг хандсаар суралцан авч чадаагүйгээ нуухгүй. Их сургуульд ороход багш нар маш сайхан хүлээж авсан. Зарим оюутнууд мөн л “энэ энд юу хийж яваа юм бол?” гэсэн хандлагаар хандах үе байсан. Гэвч би өөрийгөө баталж чадсан.

Багш нарын өгсөн үүргийг биелүүлээд байхад л намайг үнэлэх үнэлэмж нэмэгдэхийг ойлгосон. Суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан ба Үндэсний номын сангаас эрхлэн гаргадаг “Номын санч” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл маань нийтлэгдэж байв. 
Ийн суралцах хугацаанд “Хөгжлийн бэрхшээлтэй” учраас харж үзэх, хүндэтгэх шалтгаантай гэх, найр тавих, өрөвдөх хандлагуудыг хүмүүс гаргадаг байсан. Энэ хандлагуудыг харвал их сайхан боловч үнэндээ тийм биш юм. Учир нь би бусдын адил байх ёстойг зарчим болгож, өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч, нэгэн ижил төвшинд харьцаж, өөрийн чадлаар боловсрохыг хүссэн.

Мөн олон олон “Хөгжлийн бэрхшээлтэй..” гэх тодотголтой төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, сүүлдээ үйл ажиллагаа хамтран зохион байгуулдаг болсон. Сургууль төгссөний дараа тэдгээрийн нэгт албан бус номын санчаар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд би нэг л хэвийн ажил өдөр болгон хийж байсан. Миний хувьд “Би үүнээс илүүг хийж чадна” гэж итгэсэн учраас ажлаасаа халагдаж, Монголын тархины сааны холбоонд саяхныг хүртэл сайн дураараа ажилласан. Ажиллах хугацаандаа маш олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлснээ дурьдаад илүүц биз.

Энэ бүхэн миний амьдрал биш байсан. Учир нь би “Хүн” биш “хөгжлийн бэрхшээлтэн” болж хувирсан. Орчин тойрон, нийгмээ харвал хөгжлийн бэрхшээл гэдэг дуусдаггүй сэдэв бий болгочихсон байсан. Хөгжлийн бэрхшээлтэнгүүд цуглардаг, нийлдэг, тэдэнд тусалдаг, сайн үйлсийн объект болгодог, эсвэл буянтан болж харагдахдаа хэрэгсэл болгодог хандлагууд бий болж, төр засгийн бодлого нь халамжилна, хамгаална, өгнө, даана, ажил олгоно, боловсролын хүртээмжийг сайжруулна гэх л зүйлс байдаг болсон. Задлаад үзэхээр юу ч байдаггүй. Ажил олгож байгаа нь “Үүнийг л хий, ийм л ажил байна” гэх юм уу, “чамайг хөгжлийн бэрхшээлтэй учраас ажилд авна” гэсэн л зүйлс байдаг. Тэр хувь хүний чадвар, чадамж, сонирхол огт хамаагүй мэт санагддаг.

Боловсролын тухайд саяхан би “Тусгай 25-р сургууль”-д очиж арга хэмжээ зохион байгуулж, сайн дурын үндсэн дээр хоёроос гурван лекц тавьсан юм. Тэнд “9-р анги” гэсэн хаяг хадчихаад гурван оронтой тоо үржүүлж хуваагаад сууж байна. Тэнд  оюун ухаан саруул дүү нар минь мэдлэг олж авах боломжоо цаг хугацаатай нь алдаад байна. Тэр сургуулийг би захирдагсан бол бүх багш нарыг нь ажлаас нь халах байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ бүрэн итгэчихсэн хэсэг бүлэг, ТББ-ууд тэр хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэж “жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэн” бүтээгээд байна.

Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийлүүлээд нийтээс ялгаж бүлэглээд, хайрцаглаж амьдруулаад, хөгжлийн бэрхшээлийг нь л тодотгож дөвийлгөөд байвал асуудлууд нь хэзээ ч шийдэгдэхгүйн дээр нэмж дараа дараагийн асуудал гарч ирсээр байх нийгмийн гажиг үүсэх юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй учраас давуу эрх нэхэх, илүү зүйл хүсэх сэтгэлгээ нь өөрөө гажиг.

Харин тэр хүмүүсийг нийгэмдээ дасан зохицож нэгэн хэсэг нь болох боломжийг олгохуйц бодит үйлүүдийг оромдох, хэлбэрдэхээс л илүү далайцтай хийвэл, нийгмийн төдийгүй өөрийгөө хөгжлийн  бэрхшээлтэй гэдэгтээ итгэсэн хүмүүсийн оюун санаа, хандлагад нөлөөлөхүйц шийдвэр үйлдлүүдийг хэвшсэн хандлагыг сөргүүлж гаргавал энэ бүх асуудлын зарим нь ч болтугай шийдэгдэх болов уу. Хүн утгаар үнэлээд, хүн шиг байх боломж олгоод, халамжлуулагч биш боловсон хүчин, албан хаагч, баялаг бүтээгч иргэд болгон хувиргах ёстой мэт санагдана. Үүнийг зориглон үйлдэх хэн ч гарч ирсэнгүй. Өнөө маргаашийн ажил орлого, албан тушаалаа хадгалахын тулд, сонгуульд нэр дэвшин сонгогдохын тулд,  ямар нэг зүйл хийсэн болж үзэгдэхийн тулд “хөгжлийн бэрхшээл” гэдэг өгөгдлийг ашиглах хүмүүс л олон болжээ.

Яг л ийм намаг балчиг, жалга шиг нийгэмд би амьдрах хүсэлгүй боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэлэмж газрын гав руу талийсан нөхцөлд “би хөгжлийн бэрхшээлтэн баймааргүй” байна. Тусгай хэрэгцээт, ямар нэг бэрхшээлтэй, онцгой, бурхны бэлэг гэх мэт шошго шиг нэр зүүж амьдармааргүй байна, “Хөгжлийн бэрхшээлтэй байж ийм мундаг” гэж цоллуулж явмааргүй байна.

Би түүх уншиж өссөн, шүлэг бичиж замнадаг хүмүүн тул үндэсний өв соёл, уламжлал бүхнийг хүндэтгэн хайрлах, хамгаалах сэтгэл багаас минь төлөвшсөн. Миний бие 2007 онд “Зүрхэнд унасан нулимс”, 2009 онд “Ээждээ л зориулъя”, 2012 онд “Нууцлаг хүмүүний золиос”, 2016 онд “Тэнгэрийн зангараг” нэртэй шүлгийн түүврүүдийг хэвлүүлсэн. Мөн хоёроос гурван удаа шүлгээр үзэсгэлэн дэлгэн толилуулсан. Эдгээрийг би хөгжлийн бэрхшээлтэй хүний хувиар биш залуу уран бүтээлч, Монгол хүний хувиар, бичиж туурвиж толилуулсан болно. Баталгаа нь миний сүүлийн хоёр номын агуулгад буй. Сэтгэл хүсэлдээ Монгол бүхнээ багтаахын учир аливааг би “Монголын төлөө” хэмээн үйлддэг билээ. Соёлын сургуулийг төгссөн минь ч учир барилдлагатай биз. Тэр хүслээрээ “Аливаа зүйлийг хийе, бүтээе, хамтаръя” хэмээж хүмүүст хандахад дэмжих боловч “хөгжлийн бэрхшээлтэй” учраас дэмнэе, туслая гэх нь олон учирлаа. Миний бие тийм хандлага хүлээн авмааргүй байгаа учир сэтгэл гонсгор байна.

Харин “Хүн” гэдэг утгаар минь хүлээн авч, ойлгож, юу зорьж илэрхийлээд байгааг минь ухан мэдэж хамтраасай, туслаасай гэж хүснэ. Энэ мэт аливаа зүйлээс үнэт зүйлээ хүндэтгэн татгалзсаар надад орлого байдаггүй, хөдөлмөрийн чадвар алдсан тул төрөөс сард 170,000₮-ийн халамж олгодог. Үүнийг би авахыг хүсдэггүй ч үүнээс өөр мөнгө олддоггүй. Голж болохгүй ч үнэндээ хаана ч хүрдэггүй. Залуу хүн би өөрийн гэсэн орлоготой, амьдралтай болохын зэрэгцээ хүсэл зорилгоо биелүүлэхийг хүснэ.

Үүнийг яагаад ерөнхий сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж бичээгүй гэвэл тэд нөгөө л хэвшсэн ойлголтоо эвдэж чадахгүй,

“Хөгжлийн бэрхшээлтэнгүүд бол халамж хүртэгчид, тэдэнд зориулж ийм, ийм ажлууд хийж байгаа. Чи тэр хөтөлбөрт хамрагд” гэсэн хариу хүлээж авах болов уу гэж эмээснийх. Тэр нь миний амьдралыг утгатай болгохгүйн дээр хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ улам итгэх сэтгэгдлийг төрүүлнэ. Харин та бол энэ улсын хамгийн гэгээн салбаруудыг зангидан толгойлох яамны сайд учир баригдмалаар сэтгэхгүй байх гэж найдсан билээ.

Хөдөлмөрийн чадвар алдсан хувийг минь эмч нар өөрсийн үзэмжээр тогтоох шиг болсон ч ямар хөдөлмөрийн чадвартайг минь хэн ч тодорхойлоогүй.
Иймээс эрхэм сайд таниас надад ажил олгоно уу хэмээн хүсч байна. Би “Соёл урлагийн газар”, эсвэл аль нэгэн соёлын байгууллагад ажиллан хүчээ засагтаа өргөх хүсэлтэй. Учир нь миний хүсэл сэтгэл Монгол соёлтой салшгүй хамааралтайн дээр төгссөн сургууль минь Соёлын сургууль учир энэ л салбарт ажиллах боломжтой болов уу. Хэрвээ намайг ажилд авах юм бол  үг үсэг, найруулгын алдаатай албан бичиг, хөтөлбөрүүд, мэдээллүүд миний зүгээс хүлээн авахгүйг амлаж байна. Аливаа арга хэмжээний удирдамж, хөтөлбөр, танилцуулга, мэдээллийг бэлтгэх чадварыг эзэмшсэн болно.

Чадахгүй, мэдэхгүй зүйл маш их байгаа ч хичээн суралцахад бэлэн байна. Англиар сэтгэдэг хагас Монголоор ярьж, бичдэг залуусаас хувь илүү ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. “Соёл урлагийн газар”-ын Фэйсбүүк хуудсанд найруулгын алдаатай нийтлэлүүд маш олон байдгийг засч залруулмаар санагддагаа нуухгүй. Хариуцлагатай засгийн ажлыг надад даатгахаар шийдвэл “Хөгжлийн бэрхшээлтэй” учраас юм уу, ийн захидал бичсэн учраас бүү хүлээн аваарай. Харин шалгаж, туршин үзэж чадварт минь итгэлтэй болсон үедээ ажил олгохыг хүсье.

Жич: Албан бичиг бус захидал тул өөрийн үгээр бичсэн болно.
 
Хүндэтгэсэн
Ц.Мөнхтулга