Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мицүко Шино: Японы ААН-үүдээс тавьсан саналыг үндэслэн Монголоос ажиллах хүч авна

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн Монгол Улсад албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалынхаа хугацаанд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийв. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтийн ёслолд оролцсон юм.

Түүний айлчлалын зорилго, шийдвэрлэгдсэн гол асуудлуудын талаар Япон улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

"Япон улсын хувьд найрсаг, дотно, хүнд үед нь бие биеэ түшдэг харилцаатай Монгол Улсад хийж буй Гадаад хэргийн сайдын айлчлал есөн жилийн дараа болж байгаа нь хугацааны хувьд арай л холдсон талаар Коно Таро сайд хэлж байсан" хэмээн Мицүко Шино хэвлэлийн төлөөлөгчийн яриа эхэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр Коно Таро сайдын албан ёсны айлчлалын хүрээнд дипломат харилцаа, аюулгүй байдлын асуудал голлон яригдсан. Түүнээс гадна монголын “агаарын шинэ гарц” болох Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлыг эрчимжүүлэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар явуулахад талуудын санаачилгыг идэвхжүүлэх асуудал яригдсаныг хэллээ.

Мөн "Хааны эрэлд-2019" олон улсын цэргийн сургуулилалтад Япон улсаас маш өргөн бүрэлдэхүүнтэй буюу 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгааг онцлов.

Түүнээс гурван жилийн өмнө байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголоос Япон руу экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж болон Монголчууд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах нөхцөлийн талаар тодруулж асуусан юм.

“Япон  улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харилцан ашигтай болгоход чиглэсэн санаачилга бүрийг дэмжин ажиллахад бэлэн”

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад гурван жил болж байгаа хэдий ч хэлэлцээрийн үр дүнгийн талаар нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Хэлэлцээр хоёр улсад харилцан ашигтай байх тал дээр Япон улсаас дэмжиж байгаа хэдий ч Монголын бараа, бүтээгдэхүүний Япон дахь нийлүүлэлт дорвитой нэмэгдээгүй байгааг Мицүко Шино хэвлэлийн төлөөлөгч хэлж байв. Үүнийг гурван шалтгаантай байж болохыг мөн тэр хэлсэн юм.

Тэрбээр “Эхний ээлжинд тухайн бараа чанартай байх, дараагийн дугаарт бүтээгдэхүүний сурталчилгааг зөв хийх, гуравт технологио шинэчлэх хэрэгтэй байх. Манай аж үйлдвэрийн салбар жижиг дунд үйлдвэрлэл дээр тогтож байдаг. Ер нь Япон улсыг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт гаршсан гэж хэлж болно. Энэ салбарт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хамгийн сайн технологийг үйлдвэрлэлд ашиглаж байгаа. Монгол залуус Японд ажиллаад буцаад нутагтаа сайн технологи, өндөр чанартай үйлдвэрлэлийг нутагшуулахад хувь нэмрээ оруулах боломжтой.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харилцан ашигтай болгох гарц, шийдэл санал болгосон санаачилга бүрийг дэмжин ажиллахад Японы тал бэлэн” гэв.

Мөн тэрбээр Гадаад хэргийн сайд Коно Таро АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтийн ёслолд оролцсон. Уг эмнэлэг нь Монгол Улсын анхны сургалтын эмнэлэг болж байгаа гэж сонссон. Япон улсад том хотын төвийн эмнэлэг захын мужийн жижиг хот, тосгоны эмнэлгээс иргэд ижил чанартай эмчилгээ, үйлчилгээг нэг стандартаар авдаг. Сургалтын эмнэлэг тэр стандарт, үйлчилгээний чанарыг Монгол Улсад нутагшуулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм.

Үргэлжлүүлэн Гадаад хэргийн сайд Коно Таро монгол хүүхдүүд математикт сайн, хэл сурах авьяастай талаар байнга ярьдаг хэмээгээд Монголын талаас санаачилга гаргавал боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг дуулгасан юм.

Японд монголын 3,000 иргэн амьдардаг. Ойролцоогоор 10,000 орчим монгол хүн япон хэл сурч байгаа нь 3.3 сая хүн амын тоотой харьцуулахад өндөр бөгөөд манай хоёр орны ямар найрсаг дотно харилцаатай байдгийг илтгэх тоо хэмээн Мицүко Шино хэвлэлийн төлөөлөгч онцолж байв.

“Япон хэл болон мэргэжлийн ур чадварын шалгалтыг 10 дугаар сард авна”

Манай хоёр улс “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т өнгөрөгч дөрөвдүгээр сард гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэ талаар Япон улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино "Монгол Улсын хүн амын бүтцийг харвал харьцангуй залуу, хөдөлмөрийн насны иргэд ихтэй. Харин Япон улсын хүн ам жил тутам 500,000 хүнээр цөөрч байгаа. Тиймээс 14 салбарт гадаадын есөн орноос ажиллах хүч авахаар болсон. Уг есөн орны жагсаалтад Монгол Улс багтсан.

Японы компаниудаас ажиллаж буй салбартаа Монголоос ажиллах хүч авмаар байна гэсэн хүсэлт, санал гаргавал түүнийг нь үндэслэн ажиллах хүч авах юм.

Одоогийн байдлаар хоёр салбарт Монголоос ажиллах хүч авах санал ирсэн байгаа. Уг саналыг үндэслэн иргэдээс япон хэл болон мэргэжлийн ур чадварын шалгалт авч, тэнцсэн иргэдийг Японд ажлын байранд зуучилна.

Энэ жилийн хувьд Монгол Улсад аравдугаар сард шалгалт зохион байгуулахаар бэлтгэж байна.

Хэлний шалгалт нь JLPT шалгалтын N4 түвшнээс дээш байхаар заасан. Уг шалгалт нь Японд суралцахаар бэлтгэж буй оюутан залуусын өгдөг шалгалт гэдэг утгаараа дүрмийн мэдлэг голлодог. Тиймээс Японд очоод ажиллахад шаардагдах мэдлэгийг шаардсан өөр шалгалтыг мөн өгч болно. Ирэх оноос байгууллагуудаас ирсэн саналыг үндэслэн шалгалтын тоог нэмээд явах байх.

Ажилтан авах саналын тоо шалгалтад тэнцсэн иргэдийн тоотой дүйцэх тохиолдолд улам нарийвчлаад явна” хэмээн тайлбарласан юм.

Шалгалт болон ажиллах хүчний мэргэжлийн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улс дахь Япон улсын ЭСЯ цаг тухай бүрд нь тодорхой өгөөд явах юм байна.