Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн шинэ парламентын гишүүдийн 43 хувь нь гэмт хэрэгтнүүд

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард болсон сонгуулийн үр дүнд Энэтхэгийн шинэ парламентын танхим бүрэлдэж, өнөөдөр анхны чуулганаа хийж байна.

Сонирхолтой нь парламентын доод танхимд шинээр сонгогдсон гишүүдийн 43 орчим хувь нь ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүмүүс байгаа ажээ.

Тэдгээрийн дөрөвний нэгээс илүү хэсэг нь хүчин, хүн амины хэрэгтнүүд байгааг Association of Democratic Reforms байгууллага мэдээлсэн байна.

Энэтхэг даяар 30 орчим сая гэмт хэрэг шүүх хурлаа хүлээн хуримтлагдаад байгаагаас гэмт хэрэгт холбогдсон нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод байгаа ажээ. Тус улсын шүүхийн систем хуримтлагдсан хэргүүдээ шүүж дийлэхгүй байгаа юм.

Хэрвээ хэн нэг нэр дэвшигчийг гэмт хэрэгтэн болохыг илчилбэл тэр өрсөлдөгчийнхөө хэргийг мөн дэлгэж чадахаар байна. Зарим тохиолдолд гүтгэж ч чадахаар байгаа юм.

Энэ байдлаас болоод Энэтхэгийн улс төрийн намууд гэмт хэрэгт холбогдсон түүхийг нь үл харгалзан нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрээд байна. Одоогийн хуулиар хоёроос дээш жил шоронд хоригдох ял сонсоогүй л бол сонгуульд нэрээ дэвшүүлэхийг нь зөвшөөрч байгаа.

2004 оны сонгуульд ялсан нэр дэвшигчдийн 24 хувь нь гэмт хэрэгт холбогдсон байсан бол 2009 оны сонгуульд ялагчдын 33 хувь, 2014 оны ялагчдын 34 хувь гэмт хэрэгт холбогдсон хүмүүс байжээ.

Тухайлбал олонх болсон ерөнхий сайд Нарендра Модигийн намын 303 гишүүний 116 нь гэмт хэрэгтэн байгаагаас нэг нь террорист халдлагад буруутгагдаад байгаа. Энэтхэгийн төв бүсийн Бхопал хотоос нэр дэвшиж ялсан Прагя Сингх Тхакур 2008 онд Малегаонд болсон дэлбэрэлтийг үйлдсэн нь тогтоогдож шүүх хурлаа хүлээж байгаа юм. Уг дэлбэрэлтийн үеэр долоон хүн амь үрэгдэж байсан гэнэ.

Сөрөг хүчний Конгресс намын гишүүдийн 52 нь ноцтой гэмт хэрэгт холбогдсон болохыг мөн тогтоожээ.

Үүнээс гадна энэ жилийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авах явдал улам нэмэгдсэн байна. Сонгуулийн үеэр хурааж авсан санал худалдаж авах зориулалттай эд зүйлсийн үнэлгээ $500 саяд хүрсний $120 сая нь бэлэн мөнгө байжээ. Энэ дүн нь 2014 оны сонгуулийн үеэр хурааж авсан эд зүйлсийн үнэлгээнээс гурав дахин өндөр байна.

Авлигатай тэмцэж, улс төрийг эрүүлжүүлэх уриатай сонгуульд ялсан ерөнхий сайд Нарендра Моди ийм нөхцөлд хэрхэн амлалтаа биелүүлэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press