Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ЭЕШ-ыг улсын хэмжээнд 64 засагч машинтайгаар зохион байгуулж, анхны оноог нь гаргаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 өнөөдөр Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. 

Энэ жил улсын хэмжээнд 18,130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгааг Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ хэлж байна. 

ЭЕШ-ын хувьд орон нутагт 21, нийслэлд 11 буюу нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт” зохион байгуулан ажиллаж буй нь онцлог болж байна. Нийслэлийн 23 дугаар сургуульд болж буй ЭЕШ-ын шууд засалтыг бид очиж сурвалжилсан юм. 

Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог /100 оноо/  шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нь шууд дэлгэцэнд харуулж байгаа юм.  Ийнхүү шалгуулагч өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар орон бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо /200-800 оноо/ мэдэх  боломжтой.

Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт буюу зургаадугаар сард багтаан зохион байгуулах боломжтой
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр "Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлж буйгаар энэ жил онцлог болж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд  шаардлагатай 50 ширхэг (скантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд амжилттай нийлүүлсэн.

Шууд засалтын технологи нэвтэрснээр:

  1. Шалгуулагчид өөрийн авсан анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно.
  2. Шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно.
  3. Нийгэмд шалгалтын засалт, үр дүнгийн талаар үүсдэг таагүй ойлголт, хардлага арилна.
  4. Шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болно. Жишээлбэл, шалгуулагчид авсан оноогоо мэдэхийн тулд шалгалтын төв дээр дахин ирэх зардал, шалгалтын материалыг засахын тулд байсан ажлын хэсгүүдийн зардал жил бүр хэмнэгдэнэ.
  5. Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт буюу зургаадугаар сард багтаан зохион байгуулах боломжтой болно" гэлээ. 
Улсын дунджаас хамаарч хүүхдүүдийн авсан шалгалтын оноог 200-800 оноонд буюу хэмжээс оноонд шилжүүлж, 24 цагийн дотор интернетэд байршуулна
 
Гэрэл зургийг MPA.mn

ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Шалгуулагчид шалгалт өгөх газраа нэг цагийн өмнө ирчихсэн байх шаардлагатай. Жил болгон шалгалтаас хоцрох үзэгдэл их гардаг ба хоцорсон тохиолдолд шалгалтыг дахин авахгүй. Энэ жил засагч машин нэрвүүлсэнтэй холбоотойгоор анги танхим уруу шалгуулагчийг бичиж тэмдэглэх зүйлгүйгээр оруулж, цаанаас нь харандаа, баллуур, үзүүрлэгчийг нь өгч байна.Улсын хэмжээнд энэ жил шалгуулагчдын тоо цөөхөн байна.

Улсын хэмжээнд 32 шалгалтын төв байна. Шалгалтын төв болгон дээр хоёр “засагч машин” буюу нийт 64 машиныг ажиллуулж байгаа

Засагч машины тохиргоо хичээл болгон дээр өөр байгаа төдийгүй машин дээр ажиллах мэргэжилтнүүдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бэлдсэн. Сая шалгуулагчид 100 онооноос хэдэн оноо авснаа харлаа. Засагч машинууд дээр давхар хяналтын бичлэг хийгдэж байгаа бөгөөд интернетэд холбогдоогүй гэдгийг хэлмээр байна. Тиймд хөндлөнгийн нөлөөлөл, хардлага байхгүй. Хүүхдүүд өөрсдийн нүдээр харж буй учраас илүү баталгаатай. 

Манай улсын хувьд энэ төрлийн технологийг нэвтрүүлэхэд хүн ам цөөн учраас давуу тал болж байна. Ер нь машин уншсан оноо зөрөх тохиолдол өнгөрсөн 14 жилийн түүхэн хугацаанд гарч байгаагүй. Мөн энэ жил шууд засалттай холбоотойгоор шалгалтын сэдвийг шалгуулагчдад өгч гаргахгүй байгаа. Бид тухайн хичээлийн шалгалт явагдаад дууссаны дараа 32 төвөөсөө оноонуудыг авч нэгтгэн, улсын дунджаас хамаарч хүүхдүүдийн авсан шалгалтын оноог 200-800 оноонд шилжүүлж, 24 цагийн дотор интернетэд байршуулна.

Нэмж хэлэхэд ЭЕШ нь уралдаант шалгалт учир хүндрүүлсэн ажлууд ирдэг. Ингэснээр хүүхдүүдийн онооны дундаж бага гардаг юм. Харин энэ байдлыг сургалтын чанар муу байна гэж холбож ярих нь зохимжгүй гэдгийг анхааруулж байна" гэв.

ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулна. Харин шалгуулагчийн ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны зургаадугаар сарын 24-ны өдрөөс тарааж эхлэх ба ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламжийн хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

  • Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас 
  • Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс
  • Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс  батламж хуудсаа тус тус авна.​
ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг