Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: "Баянзүрхийн гүүрэнд 50, Замын цагдаагийн гүүрэн гарцанд 100 жилийн баталгаа өгнө"

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ сарын 15-нд нийслэлд хийгдэж буй томоохон зам, гүүрний бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилд 280 хятад, 60 гаруй монгол ажилчин оролцож байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Наадмаас өмнө гол замаа нээ гэсэн үүрэг даалгаврыг сарын өмнө өгсөн. Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явц удаан байна. Төр захиргааны байгууллагуудаас бүх тусламжийг үзүүлсэн. Цаг хугацаатай уралдаж ажлаа хий.  

Ажилчдын тоог нэмж, монгол залуусыг ажилд авч бригад ажиллуул. Санхүүжилт, зураг төслийн асуудал бүрэн шийдэгдсэн. Нийслэлээс холбогдох арга хэмжээг авсан байгаа. Хотын гол замуудыг нэг учраас  цаг алдалгүй чанарын өндөр түвшинд хийж гол замаа  наймдугаар сарын 15-н гэхэд нээ” хэмээн  Б.Отгонсүх дарга гүүрэн гарцын ажлын явцтай танилцах үеэрээ үүрэг  өглөө.

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилд 280 хятад, 60 гаруй монгол ажилчин оролцож байгаа юм байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Бүтээн байгуулалтын ажлын зөвлөх багийн гүүр хариуцсан инженер З.Болдбаатар “Шаардлагатай үед ажилчид 11-12 цагаар ажиллаж байна. Сүүлийн үед ажлыг эрчимжүүлсэн. Зөвлөх багийн зүгээс чанарт хяналт тавьдаг. 

Нийслэлийн авто замын газраас бидэнд шаардлага тавьж тодорхой хугацаа өгсөн. Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 62 хувьтай  явагдаж байгаа. Одоогийн байдлаар үндсэн нийт 142 ширхэг суурийн ажил хийгдсэн. Гүүрийн баталгаат хугацаа 100 жил хэмээн тооцоолж байгаа. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэл гарахгүй  бол үндсэн гүүрийг наймдугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр шамдан ажиллаж байна” хэмээв.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Хайлааст Дарь-Эхийг холбох зам, гүүрийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 км зам, 57 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Төслийн удирдагч С.Баяр “1.4 км зам, 57 метр урт гүүрийн  төсөл нь зуслангийн замын ачааллыг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. 

Төслийг хэрэгжүүлэхийн тулд 108 айлын газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэг нэгж талбарын өмчлөгчтэй зөвшилцөж, зургаадугаар  сарын 21-н гэхэд газар чөлөөлөлт бүрэн дуусна. 

Гэрээний дагуу энэ оны наймдугаар сарын 1-н гэхэд ажил дуусахаар байгаа ч нийслэлийн зүгээс долоодугаар сарын 11-н гэхэд ашиглалтад оруулах үүргийг өгсөн. Энэхүү зам,гүүр нь гурван жилийн баталгаат хугацаатай” хэмээн ярилаа.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай юм байна. 

Баянзүрх, Сонсголонгийн гүүрний ажил 60-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

280.9 метр урт, 22.6 метр өргөнтэй Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг монголд  анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөр-бетон хийцээр барьж байна. Энэхүү гүүрийг барьснаар авто замын хөдөлгөөний ачааллыг  бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой. 

Уг гүүрний ажлын явц 60 гаруй хувьтай явж байгаа бөгөөд  2020 оны хоёрдугаар сарын 28-н гэхэд ашиглалтад орох юм байна.

“Энэ сардаа багтаагаад зорчих хэсгийн асфальтыг дэвсэж дуусна. Гүүрний хоёр талаас зам холбох ажлыг ирэх сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголын нөхцөлд хэрэглэгдэж буй автомашин зорчиход даацын хувьд асуудалгүй, мөн хамгийн багадаа 50 жилийн  баталгаат хугацаатай гэсэн тооцоололтой байна” хэмээн Хөдөлмөр хамгааллын инженер, орчуулагч Н.Түвшин хэллээ.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Мөн 289.4 метр урт, 11 метрийн өргөнтэй төмөр-бетон хийц бүхий Сонсголонгийн гүүрний бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна. Гүүрний дам нуруу угсралтын ажил бүрэн дуусаад байгаа ажээ.

Б.Отгонсүх: Нийслэлд чанаргүй зам тавигддаг гэх ойлголтыг таслан зогсоох  цаг болсон

 
Гэрэл зургийг mpa.mn

Налайх Чойрын уулзвар хүртэл 20.9 км замыг шинэчлэх  ажил одоогийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон төсвийн хөрөнгөөр баригдаж буй тус төслийн нийт өртөг 36.5 сая доллар.

“Гурван жилийн баталгаатай уг замыг арваннэгдүгээр сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөсөн. Налайхын замыг 60 жилийн дараа засварлаж, шинэчлэх ажил хийгдэж байна. Өмнөх жилүүдэд нэг жил хүрэхгүй эвдрэл үүсдэг байсан бол цаашид чанар стандартад анхаарч нийслэлд чанаргүй зам тавигддаг гэх ойлголтыг таслан зогсоох цаг нь болсон” хэмээн Б.Отгонсүх  дарга хэлж байв.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/