Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ордны хоолыг “голсон” Израйлийн ерөнхий сайдын гэргий шийтгэл хүлээв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн гэргий шүүхтэй тохиролцсоны үндсэн дээр анх төлөвлөгдсөн ял шийтгэлээ хөнгөрүүлэхээр болсныг Ням гарагт зарлажээ.

Ерөнхий сайдын ордонд засгийн газраас хоол хүнс, тогоочоор бүрэн хангаж өгдөг ч тэрээр төсвийн хөрөнгөөр их хэмжээний хоол хүнсийг дээд зэрэглэлийн ресторануудаас захиалж хэрэглэсэнд буруутгагдаад байгаа юм.

2010-2013 оны хооронд Сара Нетаньяху нийт $100,000 орчмоор дээд зэрэглэлийн ресторануудын хоолыг ордондоо захиалан хүргүүлж, үдэшлэг, хүлээн авалт зохион байгуулж байжээ. Анх Израйлийн шүүх түүнд төсвийн өмч хөрөнгө шамшигдуулсан, итгэл эвдсэн зэрэг хэд хэдэн ял тулгаж байв. Харин сүүлд буруугаа хүлээж тохиролцсоны үндсэн дээр улсын төсөвт учруулсан хохирлоо буцаан төлж, нэмээд $15,000 орчмын торгууль төлснөөр хэргээ хаалгахаар болжээ.

Одоо 60 настай, хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэй Сара Нетаньяху ерөнхий сайд нөхрийнхөө засаглалын үед багагүй хэл аманд орооцолдож байсан. Ерөнхий сайдын ордны ажилтнуудтай боол мэт харьцдаг байсан гэх түүнийг “Израйлийн Мария Антуанетта” гэж хочилдог байв. Зарим ажилтнууд ерөнхий сайдын гэргийтэй шүүхдэлцэж байсан удаатай.

Түүний нөхөр ерөнхий сайд Бенжамин Нетаньяху авлигын гурван хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд энэ оны сүүлээр хэргүүдийг нь шүүх хурал болох юм. Хэрвээ буруутай нь тогтоогдвол түүний 10 орчим жил үргэлжилсэн засаглал өндөрлөж, шоронд хоригдох магадлалтай байгаа.

Түүний холбогдсон нэг хэрэг нь Австралийн казиногийн эзэн Жэймс Пакераас үнэтэй бэлэг авч, хариуд нь дэмжлэг үзүүлсэн асуудал юм. Бусад хоёр хэрэг нь Бенжамин Нетаньяху Израйлийн топ медиа компаниудад өөрийн талаар эерэг нийтлэл гаргуулсны төлөө засгийн газраас хариу дэмжлэг үзүүлсэн тохиолдлууд байна. Бенжамин Нетаньяху өөрт нь тулгасан эдгээр хэргүүдийг үгүйсгэсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP