Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс жуулчдын нүдээр: САЙН, МУУ, МУУХАЙ

Ж.Цогзолмаа
2019 оны 6 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Аялал, жуулчлалын салбар дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал “хөдөлгүүр”. Өнгөрсөн оны байдлаар манай гаригийн хэмжээнд аялагчдын оруулсан хөрөнгө оруулалт 8.8 их наяд ам.долларт хүрч, 319 сая хүнийг ажилтай болгожээ.

Энэ салбар дангаараа олон улсын санхүүгийн эргэлтийн 10 хувийг бүтээдэг. Сүүлийн таван жилд шинээр бий болсон таван ажлын байр тутмын нэг нь жуулчдын замд бий болжээ.

Тэгвэл өнгөрсөн онд манай улсад 529 мянган гадаадын жуулчин хөл тавьсныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас мэдээлж байна.  Дээрх тоог 2017 оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар өссөн дүнг харуулсан байна.

Хилийн чанадын энэ гийчид манай оронд 569 сая ам.долларын орлого оруулаад буцжээ. Статистик мэдээнээс “хальж”, бодит байдлыг харъя гэвэл яах аргагүй гадаадынхны нүдээр ажиглаад үзэхэд гэмгүй. “South China Morning Post” сонины нийтлэлч, аялал жуулчлалын сэдвээр дагнан бичдэг бөгөөд 100 гаруй улсад хөл тавиад амжсан Тим Пайлын нийтлэлийг энд иш татаж болох юм.

Тэрбээр “Хөх тэнгэрийн орны сайн, муу бас муухай талууд” гэсэн нийтлэлээ нийтийн хүртээл болгосон байв. Тэрэнд юу онцолсныг уншигч танд хүргэж байна.

#САЙН

Токиогийн зуны олимпоос өмнө үзэх ёстой сайхан зүйлсийн нэг нь яах аргагүй Монголын үндэсний хамгийн том баяр болох наадам юм. Хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морьдын уралдаан гээд үзэх юм бишгүй бий.

Олон улсын шинэ нисэх буудал тун удахгүй ашиглалтад орох гэж буй нь Монголыг чиглэсэн жуулчдын замыг улам өргөсгөж, энэ салбарыг хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь лавтай. Монгол Улс 2020 он гэхэд гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Жуулчдын энэ нутгаас үзэхийг хүсдэг зүйл нь ерөнхийдөө хөдөө нутаг. Эртний үлэг гүрвэлүүдийн мөр, чулуужсан үлдэгдлүүдийг үзэх гэж гадаадынхан улайрдаг болжээ.

#МУУ

Зуны улирал нь ихэнхдээ бороотой. Тиймээс жуулчид цаг агаарын бэрх өдрүүдийг туулах хэрэгтэй болно. Ялангуяа, хөдөө явж байгаа хүмүүст бороо жинхэнэ асуудал үүсгэнэ дээ. Өвөлдөө тэсгэм хүйтэн. Өдгөө монголчуудын тэн хагас нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатартаа амьдарч байна. 

Ажил хайсан орон нутгийн иргэд дулаан өвөлжихийн тулд нүүрс, хуучин дугуй түлэх зэргээр агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Иймээс өвөлдөө агаарын бохирдол нь Бээжингээс тав дахин өндөр хэмжээнд очдог.

Архи бол нийгмийн шилжилтийн дунд гацсан зарим монголчуудын хувьд дулаан байх бас нэг арга зам нь болжээ. Наадмаар нэг аяга айраг уух нэг хэрэг. Гэвч коммунист засаглал унахад ажилгүйдэлд өртөж, дахин хөл дээрээ босож чадаагүй хэсэг нь хямд сархадаар өөрсдийгөө болгодог архичдын голомтыг үүсгэжээ. Ийнхүү архинд “живсэн” зарим хүмүүсийн дүр зураг нь жуулчдын аюулгүй байдалд заналхийлэх нэг эрсдэл болоод байгаа юм.

Түүнчлэн говь дахь эртний үлэг гүрвэлүүдийн олдворуудыг нууцаар хил давуулан худалдах гэсэн гэмт хэргүүд илэрсээр байна. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард гэхэд 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг хил давуулан худалдахаар төлөвлөсөн нэгэн этгээд нийслэл Улаанбаатараас баригдаж байлаа.

Зөвхөн монголчууд л ийнхүү эртний олдворуудыг худалдахыг хүсээд байгаа хэрэг биш, гадаад зах зээлд үүний эрэлт нь асар өндөр байгаа юм. Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж гэхэд эртний үлэг гүрвэлийн араг яс Монголоос худалдан авсан нь хууль бус байсныг мэдээд буцаан өгсөн тохиолдол бий.

#МУУХАЙ

Монголын морин уралдаан хол замд болдог бөгөөд унаач хүүхдүүд нь бага насных байх нь илүү хөнгөн, хурдтай давхих боломж өгдөг гэж үздэг байна. Хамгийн бага нь таван настай хүүхэд байх нь ч бий.

Тэд ихэнхдээ хамгаалалтын малгай, хэрэгсэл өмсдөггүй. 2013-2017 онд 1,500 унаач хүүхэд бэртэж гэмтсэний 10 нь амиа алдсан хэмээн Монголын Гэмтэл согог, сэргээн засах төвөөс мэдээлсэн байна.

Зураг