Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жигжиднямаа дарга аа, УБТЗ ҮЕРИЙН АЮУЛД БЭЛЭН ҮҮ

Б.Бадмаараг, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Борооны улирал эхэллээ. Хот, хөдөөгүй усан бороо шаагьж байгаа энэ өдрүүдэд үерийн аюул олон хүнд сэрэмж болгоомжтой байхыг сануулсаар.

Хүн, малгүй урсаж айл өрхүүд орон гэрээсээ салж байгаа харамсалтай дүр зураг хөдөөгийн сумдуудад болж байна. Тэгвэл ийм сануулгыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад онцгойлон анхааруулъя. Яг л ийм усан бороо, үерийн гамшигт төмөр замын салбар ихээхэн хэмжээний хохирол амсдаг болсон нь нууц биш. Үүнийг батлах хэд хэдэн жишээг дурдаж болно. 

Тухайлбал, 2018 оны наймдугаар сард хүчтэй орсон борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарч хөдөлгөөн хааж байв. Дорноговь аймгийн Айраг өртөөнд болсон уг осолд 300 гаруй зорчигч өртсөн байдаг. Энэ бол зөвхөн борооноос үүдэлтэй осол байв. Галт тэрэгний зам дээр дайруулсан, мөргүүлсэн хүн, машины ослыг тоочвол дуусахгүй учир МХЕГ-ын өнгөрөгч гуравдугаар сард тус газарт хийсэн шалгалтын зөрчлийг баримт болгоё.

Энэхүү осол аваарууд 2016 оны аравдугаар сард УБТЗ гэх их айлын хойморт тухалсан эрхэм Д.Жигжиднямаатай шууд болон шууд бусаар холбогддог. “Төмөр зам дээр дайруулсан бүхний үхэл надад хамаагүй учраас би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгнө гэсэн хүсэлт гаргаагүй” хэмээн “чичирдэг” тэрбээр Л.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлээд тамгыг нь гардаж авч байлаа.

Монголын хамгийн дархан эрхтэй дарга нар тус байгууллагад томилогддог гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Энэ газрыг МХЕГ сүүлийн таван жил шалгах гээд дийлээгүй юм гэдэг. Ямар сайндаа л өнгөрөгч гуравдугаар сарын төлөвлөгөөт шалгалтаас хоёр ч удаа бултаад эцэст нь санхүү болон тендертэй холбоотой бүхий л бичиг баримтаа шалгуулахгүй хэмээн “тохирч” байж гэнэтийн шалгалтад бүдэрсэн байдаг. 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг утгаараа давуу эрхтэй хэмээн том дуугарч, хуулийнхны өмнө пээдэлзэж чаддаг УБТЗ-ын үе үеийн удирдлагуудын нэг нь Д.Жигжиднямаа. Аливаа салбарт удирдлагын эрх мэдэл хэт удаан хугацаанд ноёлоод ирэхээрээ идээ бээртээ баригддагийн бодит жишээ нь төмөр зам.

Тэр ч утгаараа сүүлийн хоёр жилд төмөр замтай холбоотой олон тооны осол гарсан нь баримт юм. Илүү олныг нуршилгүйгээр Мэргэжлийн хяналтын байгууллага яагаад УБТЗ ХНН-ийг өндөр эрсдэлтэй гэж дүгнэснийг тодруулъя.

“УБТЗ ХНН-т сүүлийн хоёр жилд 62 осол гарсан нь ихээхэн эрсдэлтэй байгууллага гэж дүгнэх хамгийн гол шалтгаан болжээ. Дээрх ослын 22-ыг үйлдвэрийн осол гэж тооцсон бол үлдсэн 40 гаруй хүний амь насыг хөсөр хаяжээ.

Хамгийн ноцтой нь албан ажлаар, даргын өгсөн үүргийн дагуу томилолтоор явж байгаад осолд орсон ажилчдаа авто осолд орсон гэх ангилалд хамруулсан байжээ. Харин ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа осолдсон ажилтныг технологийн дүрэм зөрчсөн гэж үздэг байна. Хохирогчдын ар гэрээс төдийгүй ажилчдаас иймэрхүү гомдол нэлээд ирсэн учраас Мэргэжлийн хяналтын байгууллага шалгахаар болсон байгаа юм. 

Үнэхээр төмөр замчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эмзэг асуудлыг дээрх байдлаар жишим ч сэтгэлийн зовуурьгүйгээр “хохино” гэж хэлэх мэт бүртгэдэг нь үнэн бол юутай харамсалтай вэ. Жил бүрийн шалгалтаас бултаж хүний амь насыг хэрэгсэж үздэггүй хүйтэн зүрхтэй удирдлага байна гэдэг эмгэнэл. Тэр тусмаа хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлага хүнийг гэсэн сэтгэлгүй байна гэдэг даанч хүний ёсгүйн хэрэг ээ.

Амташсан хэрээ арван гурав гэдэг шиг Орос, Монголын хамтарсан байгууллага гэдгээрээ бамбай хийж явсаар булай, булхай нь олон жил дарагдсанаас хамаг бүхэн эхтэй. Эцэстээ энэ байгууллагын толгойд гарсан хэнбугайд ч монголын хууль, шүүхийнхний өмнө хэлдэг сүрхий үг чээжинд нь бэлэн явдаг болсон. Тэр нь “Оросын талаас зөвшөөрөл  ав. Хэрэв, хоёр улсын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгавал л бид шалгалтад орно. 

Тэгээгүй тохиолдолд санхүүгийн болон тайлан, тендертэй холбоотой материал, бичиг баримтаа шалгуулахгүй” хэмээн улайм цайм гүрийдэг үзэгдэл тогтчихлоо. Яг ийм үгийг аргаа барсан байцаагчид болон МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс хэлж байгаа юм. 

“Энэ нийгэмлэгийн дарга шалгалт оруулахгүй гэсэн бичгийг бидэнд хоёр удаа ирүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт үүсээд 75 жил болж байна. Энэ түүхэн хугацаанд бид анх удаа шалгалт оруулахаас татгалзсан хариулт авсан. Ганцхан жилийн дотор 62 осол гарч дөрвөн хүн нас барна гэдэг бол аймшиг юм. 62 хүнээс хүнд гэмтэл авсан 28 хүн байгаа. Бид төрийн байгууллагын хууль дүрмийг хангуулахыг биелүүлэхийг шаарддаг байгууллага. 

Төрийн нэрийн өмнөөс шалгалт хийдэг. Гэтэл хоёр удаагийн тайлбартаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллага учраас Оросын талаас зөвшөөрөл ав гэсэн. Д.Жигжиднямаа даргын хувьд санхүүгээ шалгуулахгүй гэдгээ тайлбарласан. 

“Орос-Монголын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас заавал хоёр тал хамтарч шалгах ёстой” гэдгээ бичгээр ирүүлсэн. Цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн олговор, илүү цаг гэх мэт зүйлсээ шалгуулахгүй” гэдгээ тодорхой бичсэн байсан. 

Ийм том толгойтой, хуулиас давсан эрх мэдэлтэн УБТЗ ХНН гэх байгууллагыг удирдаж байна. Гэтэл хууль эрх зүйн орчин талаас нь Д.Жигжиднямаа танд сануулахад, “Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай бүр 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө. Харин УИХ-аас баталсан олон улсын гэрээтэй зөрчилдөх юм бол гэрээг баримтална” гэсэн заалт бий. Энэ бол УБТЗ-ын удирдлагад хамаарах өчүүхэн өгүүлэл. 

Үүнээс гадна улсын байцаагчаас хүртэл нууж буй санхүүгийн баримтад ямар но байгаад нууцлаад байгаагийн сэжүүр болох баримт мэдээлэл АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд иржээ. 

Тухайлбал, Д.Жигжиднямаа дарга худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт гэнэ. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байгаа юм.

Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. 

Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэдгээ мэдэгдэв.

Мөн тус зөвлөлд ирсэн дараагийн баримт нь Төмөр замчдын томилгоо, албан ажлын үүрэгтэй холбоотой мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, УБТЗ гэх компани шахааны хүмүүсээр дүүрсэн улс төр дэх ургийн мод болжээ гэх гомдол гэнэ. Тус газрын алба, хэлтсийн дарга болгон өөрийн ах дүү, эхнэр хүүхдээ ажлын байранд “чихдэг” болсон нь ил болжээ.

Шахааны хүмүүсийн ажиллаж, хамгийн өндөр цалин авч, хамгийн их мөнгө хүүлдэг албан тушаалыг дурдвал, санхүү хэлтэс, Хангамжийн инженер, Хөдөлгөөний алба, Зүүнхараа дахь хүний нөөц, Ачаа тээврийн хэлтэс, УБТЗ-ын эмнэлэг, Замын-Үүд өртөө, Хөдөлгөөний алба, Дарханы Зангилгаа, Дарханы ачаа хариуцсан хэсэг, Удирдлагын алба, хуулийн алба, Зорчигч тээврийн алба, Эрээнд дэх хувийн касс, Амгалан дахь Зүтгүүрт гээд Д.Жигжиднямаа нарын хамгаалалттай гарын хүмүүс дээрх алба, хэлтэс, газруудад удирдах болон санхүүгийн үүсгүүртэй холбогдох албан тушаал хашдаг байх юм. Улаанбаатар төмөр зам дахь ийм ургийн модыг бид дараа дараагийн дугаартаа дэлгэрүүлэх болно. Юутай ч төрийн өмчит алба уу, төрөл садан найз нөхдийн хамтарсан компани уу гэдгийг Д.Жигжиднямаа таниас асууя.

Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15,400 ажиллагсадтай бөгөөд нийт 1,815 км замаар, хойд хэсэгтээ хоногт 10-12 сая тонн, урд хэсэгтээ 7-10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэгддэг. Эднийх 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, 19.6 сая тонн ачаа ачсан гэх үйл ажиллагааны тайлан мэдээ бий. Энэ онд 26.3 сая тонн ачаа тээвэрлэж, 2.7 сая зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй.

Том толгойтой энэ байгууллагын удирдлагад УИХ-ын дарга Г.Занданшатар сануулга өгснийг энд дахин сануулъя. “Хүнээ ярь. Эхпээд хүн байх ёстой. Аваар осол байдаг л зүйл мэт ярьж болохгүй. Хоёрхон хүн үхсэн гэж яриад суудаг дарга байж болохгүй. Нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага.

Хариуцлага сахилга төмөр замд алдагдсан байна. Үүнийг жирийн төмөр замчдаас эхлээд энэ байгууллагад ажиллаж байгаа дарга нар ч мэдэж байгаа” гэсэн юм. УИХ-ын даргын сануул гыг энд дахин сануулъя. Усархаг бороотой, үер усны гамшиг хаа сайгүй дуулдаад эхэлсэн энэ өдрүүдэд УБТЗ хохирол амсахгүй гарах бэлтгэлээ базаасан уу.

Жил бүр үерт воган, зам, хүнээрээ хохирдог үзэгдэл давтагдах вий. Энэ удаад бид таны хууль, шүүхээр цагдуулжхянуулсан асуудлыг хувийн “нууц” хэмээн тоочсонгүй. Олон нийтийн эрхашиг хөндөгдөж болох, улс орон төсөв мөнгөөрөө хохирч болох эрсдэл, аюулаас сэрэмжлүүлэхийн тулд ийн гамшгийн нөхцөлийг анхаарууллаа.

Зураг