Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Aргентин, Уругвайд 44 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Өмнөд Америкийн Аргентин, Уругвай улсуудыг хамарсан эрчим хүчний тасалдал бий болсноор хоёр улсын бараг бүх хүн ам буюу 44 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч хоёр улсын эрчим хүчний харилцан холболтын шугамд гэмтэл гарсан гэж үзэж байна.

Хөрш зэргэлдээ Бразил, Чили улсуудад ямар нэг тасалдал үүсээгүйг мэдээлжээ. Аргентин, Уругвайн иргэд ийм өргөн хүрээг хамарсан эрчим хүчний тасалдалтай тохиолдож байгаагүйгээ ярьцгааж байна.

Уругвайн мэргэжилтнүүд гэмтлийг Аргентины талд гарсан гэж дүгнэжээ.

Ням гарагийн үдээс хойш зарим өрхүүдийн цахилгаан хангамжийг сэргээснээ хоёр улсын эрх баригчид зарласан байна.

Өчигдөр Аргентины хэд хэдэн мужид орон нутгийн сонгууль болж байсан бөгөөд иргэд гар утасны гэрэл дор саналын хуудсаа бөглөж байжээ. Аргентин улс эрчим хүчний үнэ өртгийг хүчээр доод түвшинд барьж, улсаас татаас өгөх замаар олон жил явсан тул станцууд, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучирсан, шинэчлэх боломжгүй байгаа.

Судалгааны байгууллагуудын тоо баримтад өгүүлснээр өнөөдөр Аргентины дундаж гэр бүлийн цахилгааны хэрэглээндээ төлж буй мөнгөний хэмжээ хөрш орнуудын ижил түвшний гэр бүлүүдийнхээс 20 дахин бага байгаа гэнэ.

2003-2007 онд засаглаж байсан ерөнхийлөгч Нестор Киршнерийн үед Аргентинд эрчим хүчний салбарын үнэ тарифыг хатуу тогтоож эхэлсэн. Энэ бодлого түүний эхнэр, ерөнхийлөгч Кристина Фернандезийн үед (2007-2015 онд) ч үргэлжилсэн юм.

Одоогийн ерөнхийлөгч Маурисио Макригийн засгийн газар Аргентины эдийн засгийг хямралаас гаргах ажлын хүрээнд эрчим хүчний салбарын татаасыг багасгах зорилт тавиад ажиллаж байна.

 

Эх сурвалж: Associated Press