Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шар хайсны "дууль"

Л.Аргамжин, Зууны мэдээ
2019 оны 6 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан, замын хөдөлгөөний урсгал тусгаарлах зориулалт бүхий шар хайснууд өнгөрсөн бямба гаригийн өглөө унаж, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулав. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй нь сайн хэрэг. 

Харин “Муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг иймэрхүү тохиолдолд буруутныг олж, шүүх “уралдаанд” бултаараа эрслэн хөдөлж, хаашаа ч хамаагүй хуйлран давалгаалдаг олон нийтийн сүлжээнийхэн ээлжит “олзондоо” баясан бахтай нь аргагүй шуугьж байна.

Замын хөдөлгөөний урсгал тусгаарлах зориулалт бүхий дээрх шар хайснуудыг БНХАУ-аас оруулж ирсэн компанийнхан нэг метр тутмыг нь 160 орчим мянган төгрөгөөр улсад нийлүүлснийг, тендерт Өмнөговь аймгийн цорын ганц компани оролцсоныг энэ үйл явдлын мөрөөр мөшгөж сэтгүүлчид олон нийтэд ил болгосон. 

Сэтгүүлчид болсон үйл явдалтай холбогдуулан мэргэжлийн хүмүүсээс баримт, тайлбар яриа авахдаа нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын гарын үсэгтэй 2018 оны А/1041 тоот захирамжийн дагуу урд хөршөөс 4,850 метр урттай шар хайснууд 772 сая төгрөгөөр худалдаж авах үйл ажиллагаа явагдсаныг ч бас илчилсэн. Мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа ингэж явагддаг. Мэргэжлийн сэтгүүлчид ажлаа ингэж хийдэг.

Монголчууд машинтай нь ч тэр, явган нь ч тэр, авто зам дээр мал шиг “бэлчдэг” учраас Тээврийн цагдаагийн албаныхан замын хөдөлгөөний урсгал тусгаарлах хашлага, хайс суурилуулах санал гаргасны дагуу хотын Захирагч С.Батболд 10 мянган метр урт шар хайс худалдан авах захирамж гаргаж, Захирагчийн ажлын албаныхан эхний ээлжид 4.850 метрийг нь худалдан ажиллагааг зохион байгуулжээ. 

Хайнга хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж зам тээврийн ослоор иргэд нь жилд хэдэн зуугаараа амиа алддаг улсад иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, авто замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд арга ядахдаа энэ мэт хайс, хашлага суурилуулахаас аргагүй байсан гэдэг мэдээллийг ч бас сэтгүүлчид хөлөөрөө явж, олж мэдсэнээ баримт нотолгоотой олон нийтэд хүргэсэн. 

Гэтэл эздийнхээ автомат удирдлагын дагуу дэлгэцийн цаанаас хэнийг ч хамаагүй гүтгэн хардаж бэлэн суудаг олон нийтийн сүлжээний ангуучид болон зарим шар сайтууд бодит мэдээллийг зориуд мушгин гуйвуулж, одоогийн хотын удирдлагууд руу хамаатуулах гэж оролдож байгаа нь хачирхалтай. Ингэж улс төрийн шоу тоглолт хийх тусмаа олон нийтээс бодит мэдээллийг улам холдуулж, болсон явдлын талаарх нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэх, хяналт тавих, хариуцлага нэхэх боломжийг нь хааж байгаа хэрэг.

“Стандарт болон стандартын бус төмөр хийц, түүхий эд, хашаа, товлосон шурга, төмөр эсвэл ган утсаар нэхсэн туузан, эрчилсэн, сараалжин хашаа, барилгын тулаас төмрийг Монголдоо үйлдвэрлэнэ” гэсэн Тендерийн хуулийн заалтыг харсан ч тэр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эх оронч сэтгэлгээний үүднээс бодсон ч тэр, замын хөдөлгөөний урсгал тусгаарлах шар хайс зэргийн төмрийг дотоодоосоо хангаж болох байгал заавал Хятадаас импортолсон нь ямар учиртай юм бэ гэж хэн хүн гайхах нь дамжиггүй. 

Тиймээс нэгэнт энэ асуудал ил болсон дээр нь хотын одоогийн удирдлагууд хяналт шалгалт хийж, хариуцлага тооцох нэгэнд нь тооцож, дараагийн удаад ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарах учиртай. Ерөөс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тендерийн булхай, но-г цэгцлэхийн тулд л үүрэгт ажлаа хүлээн авсны дараахан нийслэл хотын хэмжээн дэх бүх худалдан авах ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд ил тод, нээлттэй зохион байгуулдаг болгосон билээ.

Тендерийг ямар журмаар зохион байгуулсан, яагаад ганц компани оролцсон гэдгийг шалгах нь зүйн хэрэг. Энэ бол тусдаа асуудал. Харин шар хайс унасан талаар олон нийгмийн сүлжээн дэх хөөсөрсөн давалгаа, шуугианаас ажаад байхад бас нэг зүйл эргэлзээ төрүүлж байгаа юм.

Замын хөдөлгөөний урсгал тусгаарлах хашлага, хайс төмрийг Хятадаас импортолсон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг урьд өдөр нь буюу баасан гаригт Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдсэн. Гэтэл маргааш өглөө нь Хан-Уул дүүрэгт байрлуулсан шар хайснууд унаж, “Өнөөх шар хайснууд нь салхинд уначихлаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр шуугьсан.

Эндээс нэгэн том эргэлзээ эхэлж байна. Угтаа ямар ч хайс, хашлага салхи шууд нэвтрүүлдгийг хэн хүнгүй мэдэх учиртай. Тэр тусмаа хэдэн үеэрээ монгол гэрт төрж, өссөн нүүдэлчин монголчууд үүнийг бүр ч илүү мэдэх ёстой. Хүчтэй шуурга тавихад, үер буухад яагаад монголчууд туурганы хормойгоо сөхөж, ханаа ил гаргадаг нь цаанаа учиртай буюу.

Магадгүй суурилуулалтаа муу хийсэн бол хурдтай яваа машин мөргөөд хайснуудыг ташраар нь унагасан байж болох юм гэхэд шар хайсанд ямар нэг эвдрэл гарах ёстой. Гэтэл тэгээгүй учраас зүггүй салхи “буруутан” болж, улмаар тэр буруу хэн нэгэн рүү шууд чиглэж эхлээд байх шиг. Тиймээс энэ нь зориуд хэн нэгний нэр төрийг сэвтээх, ажил үйлсийг нь гутаах зорилгоор санаатай хийсэн үйлдэл юм биш байгаа гэж сэрдэхэд хүргэв.

Хотын улс төрд сүүлийн үед элдэв бусын хатгаас бишгүй гарах болсон нь угаас нууц биш билээ. Иргэдийнхээ эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихаас сийхгүй улстөржилтийн илэрхийлэл нь энэхүү “Шар хайсны дууль” гэлтэй.

Зураг