Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп үл таних нисдэг биетүүдийн талаар илтгэлийг ганц удаа сонссон ч итгээгүй гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш ганцхан удаа үл таних нисдэг биетүүдийн (UFO) талаар товч илтгэл сонссон тухайгаа Дональд Трамп өчигдөр ABC News сувагт ярьжээ.

Пентагон АНУ-ын тэнгисийн хүчний нисгэгчдийн бичсэн тайланг нэгтгэж, түүнд танилцуулсан юм байна. 

“UFO-г харсан гэж ярьж байгаа хүмүүсийн тайланг би нэг удаагийн хурал дээр товчхон сонссон. Гэхдээ би үүнд огт итгээгүй” гэж Трамп ярьжээ.

Ер нь дэлхийгээс өөр гарагт амьдрал байж болох эсэх талаар асуухад тэр “манай нисгэгчдийн мэдэх хэрэг. Тэд л хамгийн түрүүнд энэ талаар бидэнд мэдээлэл өгөх байх” гэж хариулсан байна.

Пентагон үл таних нисдэг биетүүдтэй тааралдвал хэрхэн баримтжуулж, тайлагнах, мөн тайланг хэрхэн хадгалж, цаашдын судалгаанд ашиглах талаар нарийвчлан заасан журмыг батлаад удаагүй байгаа юм. 

Нью Йорк Таймс сонинд саяхан ийм биеттэй тааралдсан нисгэгчийн ярилцлагыг нийтэлж байв. F/A-18 Super Hornet онгоцны нисгэгч, дэслэгч Райан Грэйвс ярихдаа “Уг биет агаарт өдөржингөө байсан. Онгоцыг агаарт удаан хугацаагаар байлгахын тулд маш их эрчим хүч шаарддаг. Бидний ажигласан биет өндөр хурдаар 12 цаг ниссэн нь байж боломгүй зүйл. Энэ нь өнөөдрийн бидний боломжоос 11 цагаар хэтэрсэн хэрэг юм” гэж ярьжээ.

Зарим судлаачид Пентагон шинэ журам гаргасан нь харь гарагийн хөлгүүд байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш, харин тайлбарлаж чадахгүй байгаа байгалийн үзэгдлүүдийг илүү сайн таньдаг болох зорилготой гэж бичсэн байна.

Гэхдээ АНУ-ын эрх баригчид үл таних нисдэг биетүүдийг сонирхсон хэвээр байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдаж байгаа.

Саяхан Невада мужийн сенатор Харри Рэйд АНУ-ын батлан хамгаалах яамны UFO-г судлах нууц төслийг төсвөөс санхүүжүүлэх санал боловсруулсан нь үүний нэг жишээ юм.

 

Эх сурвалж: Business Insider