Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадтай өрсөлдөхийн тулд Google, Facebook компаниуд том байх ёстой гэж удирдагчид нь ярьжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед интернэтийн ертөнцөд монополь байдалтай болж, хүч нөлөө нь улам бүр нэмэгдэх болсон Google, Facebook зэрэг компаниудаас АНУ-ын эрх баригчид болгоомжлох болсон.

Зарим улс төрчид эдгээр компаниудын эрхэлдэг бизнесүүдийг хувааж, хэт давуу байдлыг нь хязгаарлахыг уриалж байгаа. Зөвхөн АНУ ч биш, Европын Холбоо болон дэлхийн бусад томоохон улсууд шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж байгааг нь шүүмжилж, тэдний эсрэг хатуу бодлого ярьж эхлээд байна.

Тэгвэл эдгээр компаниудын удирдагчид саяхнаас өөрсдийгөө хамгаалах шинэ шалтаг ярьж эхэлжээ. Энэ бол Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах тухай асуудал юм.

Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай саяхан CNN сувагт ярихдаа “Дэлхийн хэмжээнд харвал манай технологийн компаниуд бусад улсын компаниудтай өрсөлдөх замаар улсынхаа эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа” гэж хэлжээ.

Тэрээр бусад улс орон гэдэгт гол нь Хятадыг хамаатуулж байгаа бололтой.

 
Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг энэ санааг бүр тодорхой илэрхийлсэн байна.

Тэрээр саяхан хэвлэлд ярихдаа өөрийнх нь компанийг хувааж, хүчийг нь сулруулбал Хятадын компаниуд дэлхийд ноёрхох замыг засаж, Америкийн үнэт зүйлсийг дэлхий дахинд дэлгэрүүлэхэд саад болно гэдгийг хэлжээ.

Зукербэргийн хэлсэн үгний талаар Пичайгаас тайлбар хүсэхэд тэрээр “Дэлхий даяар олон улс орон дараагийн Цахиурын Хөндийг өөртөө байгуулахаар уралдаж байна. Засгийн газар нь ч компаниудаа сайн дэмжиж байгаа” гэж хариулсан нь мөн л далдуур Хятадыг хэлсэн хэрэг байв.

Пичай цааш нь ярихдаа “Тиймээс бид энэ асуудалд тэнцвэртэй хандах хэрэгтэй. Энэ нь том компаниудыг хянах хэрэггүй гэсэн үг биш. Нөгөө талаар компаниудаа хүчтэй, том болохыг дэмжих ёстой” гэжээ.

Дээрх хоёр компанийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн хамгийн том интернэтийн зах зээл гэгддэг Хятад улсад хориотой байдаг.

Ямартай ч тэд Америк-Хятадын худалдааны маргаан зөрчлийг өөртөө ашигтай эргүүлэхийг оролдож эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg