Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн дараа Хуавэй нугардаг дэлгэцтэй гар утасныхаа нээлтийг хойшлуулав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нугардаг, уян дэлгэцтэй ухаалаг гар утас энэ оны технологийн гол чиг хандлага байна гэсэн яриа худлаа болж байна.

Самсунг Электроникс компани $1,980-ын үнэтэй Galaxy Fold загварын гар утасаа өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад туршуулахаар урьдчилж тараасан загварууд нь эвдэрч, гэмтэж эхэлсэн тул чанарын шалгалтыг дахин хийх хэрэгтэй болсон юм.

Тэгвэл Хятадын Хуавэй компани $2,600-ын үнэтэй худалдаанд гаргах гэж байсан нугардаг дэлгэцтэй Mate X загвараа мөн хойшлуулжээ.

Тус компани шинэ загварын гар утасаа зургаадугаар сард зах зээлд гаргах байсан ч гурван сараар хойшлуулж, есдүгээр сард худалдаалж эхлэхээр болсон байна.

Хуавэй энэхүү шинэ технологийн гар утасаа хоёрдугаар сард Барселонд болсон Mobile World Congress чуулганы үеэр анх танилцуулж байсан юм.

Хойшлуулах болсон шалтгаан нь АНУ-ын худалдааны хоригтой холбоотой байх магадлалтай. Учир нь Google компани тус компанийн шинэ гар утаснуудад Андроид системээ ашиглуулахгүй гэдгээ зарлаад байгаа.

Харин Хуавэй компанийн олон нийттэй харилцах албаны захирал Винсент Пан хойшлуулсан шалтгаан Андроид системтэй холбоогүй гэж Wall Street Journal сэтгүүлд ярьжээ.

Самсунгийн алдааг давтахгүйн тулд чанарын шалгалтаа наймдугаар сар хүртэл сунгах болсон нь хойшлуулах гол шалтгаан болсон гэж тэр тайлбарласан байна. “Бид өөрийн нэр хүндийг унагах бүтээгдэхүүн гаргахыг хүсэхгүй байна” гэж Ричард Пан ярьжээ.

Андроид системийн хоригт орсон Хуавэй өөрийн “Hongmeng” нэртэй үйлдлийн системийг хөгжүүлж байгаа гэсэн яриа бий. Тиймээс Mate X гар утас ямар үйлдлийн системтэй зах зээлд гарах нь тодорхойгүй байна.

Хуавэй саяхан Matebook зөөврийн компьютерын шинэ загвараа АНУ-ын зах зээлд гаргах гэж байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа.

Харин энэ удаа АНУ-ын худалдааны хориг хойшлуулах шалтгаан болсныг тус компанийн иргэдийн бизнес хариуцсан захирал Ричард Юү CNBC сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC, Business Insider