Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх “Яараад яах вэ” аян эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. 

Тэр утгаар орон нутгийн замд гарч буй ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас бөгөөд үүний 45 нь хүүхэд байжээ. 
Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авдаг
 
Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан "Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг “Яараад яах вэ” уриан дор зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.

Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна. Зөрчилд  холбогдогчдын 75 хувь нь буруу жолооны хүрдтэй машин, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна" гэв. 

Хурд хэмжигчийг төсөөлөлд түшиглэн 24 цагийн турш ашиглаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Манай бүх аймгийн салбаруудад хурд хэмжигч бий. Ингэхдээ иргэдийн төсөөлөлд түшиглэн 24 цагийн турш ашиглаж байна. Учир нь нэг цэгт байрлуулсны дараа жолооч нарын хурд буурдаг ч өөр газар шалгахад хурд нь өсчихдөг.

Мөн бид хар цэгийн судалгаанд үндэслэн түшиглэн эргүүлийн цэгүүдээ тодорхойлдог. Өнгөрсөн жил 16 хар цэгийг алга болгосон. Баян-Өлгий болон 50 орчим цэгт хурдаа сааруулах, энэ хэсэг бол хар цэг шүү гэдгийг анхааруулсан самбар байршуулсан. Түүнчлэн өнгөрсөн жил Баянхонгор, Төв аймагт авто осол хоёр дахин өссөн" гэлээ. 

 Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна
 
Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна. Жил болгон авто ослоос болж олон хүн нас барж байгаа нь хэцүү зүйл. Мөн энэ жил тараах материалуудыг хангалттай тарааж, жолооч нарт соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг явуулахыг зорьж байна" гэв. 

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгддэг байна. Үүнд,

  • Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км/цагаар хэтрүүлдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 97 хувь нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 78 хувь нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог. Бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог. Зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг байна.

Иймд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.