Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ буулгаагүй ААН-ийн зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө "

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-аас шатахууны жижиглан худалдаа эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлж байгаа ажээ. Шаардлагын хариуг зургаадугаар сарын 17-ны дотор өгөх ёстой юм байна.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа. Зургаадугаар сарын 17-н гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө" гэлээ.

Үсчний газруудтай холбоотой гомдлын тоо нэмэгджээ

ШӨХТГ-ын 1284 утас буюу хэрэглэгчийн гомдлыг хүлээж авдаг төвд 2019 эхний таван сарын байдлаар ирсэн өргөдөл гомдлуудын 50 хувийг худалдаа, үйлчилгээний газруудтай холбоотой өргөдөл гомдол эзэлжээ. Тэр дундаа үсчний газруудтай холбоотой гомдлын тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан түүврийн аргаар таван үсчний газарт гэнэтийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Шалгалтын явцад зарим түгээмэл зөрчлүүд илэрчээ. Тодруулбал,

  • Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрлийн хугацаагаа сунгаагүй.
  • Үйлчилгээ үзүүлж буй үсчингүүд мэргэжлийн үнэмлэх болон эрүүл мэндийн дэвтэргүй байх /үнэмлэхээ мартсан гэх тайлбарыг түгээмэл өгч байсан/
  • Эрүүл ахуй халдвар хамгааллын талаар ойлголтгүй байх гэх мэт түгээмэл зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн зарим газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд огт хяналт шалгалт хийгдээгүй байсныг үндэслэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудад энэ төрлийн үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх албан шаардлагыг хүргүүлээр боловсруулж байгаагаа ШӨХТГ-аас мэдээллээ.