Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений удирдагч сөрөг сэтгэгдэл бичигчдийн “хурууг хугалж, хэлийг огтолно” хэмээн сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Умард Кавказын Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров бүдүүлэг үг хэлээрээ алдартай нэгэн.

Тэрээр саяхан өөрийг нь болон өөрийнх нь ард түмнийг онлайн орчинд доромжилсон хүмүүсийг олж шийтгэхээ Инстаграм хуудсанд нийтэлсэн видео мэдэгдэлд амлажээ.

“Биднийг онлайн орчинд доромжилсон хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй. Сэтгэгдлээ устга. Бид бүгдийг нь уншиж байгаа. Бүхэл бүтэн бүлэглэл сэтгэгдлүүдийг хянаж байгаа. Бид өөрийн уламжлалтай, түүнээс хэн ч мултрахгүй. Хэн нэгэн намайг алахаас би айхгүй. Харин миний цус, удам угсаа, гэр бүл, ард түмнийг доромжлохыг би тэвчихгүй. Бид ганц ч сэтгэгдлийг зүгээр орхилгүй бичсэн хүний хэлийг огтолж, хурууг нь хугалах болно” гэж тэрээр ярьсан байна.

Саяхан Кадыров хөрш Дагестан, Ингушетийн удирдагчидтай нууц тохиролцоо хийж, газар нутгийнхаа хилийн шугамыг ахиулж тогтоожээ.

Үүнийг нь эсэргүүцсэн дагестанчууд саяхан онлайн хөдөлгөөн өрнүүлж, Чечений шинээр байрлуулсан хилийн баганыг буулгасан юм.

Үүнд бухимдсан Кадыров хөрш улсуудынхаа иргэдийг ийнхүү сүрдүүлсэн байна. 2016 онд олон улсын хүний эрхийн байгууллагууд нэртэй сэтгүүлчид, сөрөг хүчний улс төрчдийг ил тодоор айлган сүрдүүлдэг Кадыровт сахилгын арга хэмжээ авч өгөхийг Кремлиэс шаардаж байжээ.

Чечений хүний эрхийн нөхцөл байдлыг эрэн сурвалжилж бичдэг байсан нэртэй сэтгүүлч Анна Политковская 2006 онд буудуулж амиа алдсан юм.

Уг аллагад холбоотой гэгдэх гурван чечень хүнийг шийтгэсэн ч хэргийн цаад эзэд илрээгүй өнгөрч байв.

2015 онд сөрөг хүчний улс төрч, засгийн газрын шадар сайд асан Борис Немцов Москва хотод буудуулж амиа алдахад таван чечень хүнийг баривчилж, шийтгэсний дотор Кадыровын бие хамгаалагч асан байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty