Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Антисемитизмтэй тэмцэх үйлсэд Роман Абрамович $5 саяыг хандивлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн Чэлси клубын эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович сүүлийн үед дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа Антисемитист үзэлтэй тэмцэх үйлсэд $5 саяыг хандивлажээ.

Тэрээр энэ мөнгийг Jewish Agency for Israel (JAFI) хэмээх байгууллагад хандивласан байна. Жүүд хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг тус байгууллагын хувьд ийм том хэмжээний хандив анх удаа авч байгаа нь энэ гэнэ.

Форбс сэтгүүл Абрамовичийн хөрөнгийг $13.3 тэрбум гэж тооцсон байдаг. Тэрээр сүүлийн 20 жилийн хугацаанд нийт $1.9 тэрбумыг янз бүрийн буяны үйлсэд хандивлажээ.

Тавдугаар сард Израйль улс Абрамовичид иргэний харьяалал олгосон юм.

“Европын гудамжинд жүүд хүн алхах нь дахин аюултай болж байгаа цаг үед” Абрамович хандив өгсөнд JAFI байгууллагын тэргүүн Исаак Херцог талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Жүүд гаралтай Абрамович “Антисемитист үзэлд Үгүй гэж хэлцгээе!” гэсэн уриатай Чэлси клубын санаачилсан хөдөлгөөнд тэргүүлэн оролцож байгаа.

Өнгөрсөн онд Герман, Их Британи, Франц, Швед, Польш, Унгар, Австри гэсэн долоон оронд CNN санал асуулга явуулахад Европ тивд антисемитист үзэл нэмэгдэж байгаа нь харагдсан юм.

Тус судалгаанд оролцогсдын дөрөвний нэгээс илүү хэсэг нь санхүү, бизнесийн салбарт жүүдүүдийн нөлөө хэт өндөр байгаа гэж хариулжээ. Бас дөрөвний нэг нь дэлхий даяар өрнөж байгаа дайн самуунуудад жүүдүүдийн оролцоо өндөр байгаа гэж хариулсан байна.

Мөн Европчуудын гуравны нэг нь 1930-1940-өөд оны үед Адольф Хитлерийн санаачилсан Холокост гэгддэг хядлагын үр дүнд зургаан сая жүүд хүн хэлмэгдсэн түүхэн үйл явдлын талаар огт мэдэхгүй, эсвэл бага хэмжээгээр мэднэ гэж хариулжээ.

Өнгөрсөн сард Anti-Defamation League байгууллагын гаргасан тайланд өгүүлснээр 2018 онд АНУ даяар гарсан антисемитист хэргүүдийн тоо 1979 оноос хойш эхнээсээ гуравт орох хэмжээнд хүрсэн байна.

 

Эх сурвалж: CNN