Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Пүрэвхүү: Ирэх хичээлийн жилд Ховд аймагт хоёр цэцэрлэг, нэг дотуур байр ашиглалтад орно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ховд аймагт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодрууллаа. 

-Ховд аймагт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж хэр байна вэ. Сургууль, цэцэрлэгийн насныхан сургалтын байгууллагадаа бүрэн хамрагдаж чадаж байна уу?

-Манай аймагт одоогоор ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын хоёр төв үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн насны хүүхдүүдээ бүрэн хамруулж байгаа. Мөн Ховд аймгийн бүх суманд 12 жилийн сургалттай сургууль бий. 

Онцолж хэлэхэд, сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шалтгаанаар сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн дэргэдэх насан туршийн боловсролын төвөөр дамжуулан боловсрол олгож байна. 

Харин сургуулийн өмнөх боловсрол олгох тухайд манай аймагт төрийн 32 цэцэрлэг, хувийн 13 цэцэрлэгт  хамрагдах 8,866 хүүхэд сурч байна. Үүний зэрэгцээ Төв суурин газрын хүүхдүүдийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсааар долоон цэцэрлэг шинээр барьж, таван цэцэрлэгийг өргөтгөн цэцэрлэгийн орны тоог 450-иар  нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Цэцэрлэгээс гадна ямар бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэж байна вэ?

-2018-2019 он дамжин хэрэгжиж буй Жаргалант сумын VII сургуулийн дотуур байр, урлагийн заал, спорт талбай зэргийг нэрлэж болно. Мөн Жаргалант сумын 225 хүүхдийн ортой цэцэрлэг, Мянгад сумын 150 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр баригдаж байгаа.

-Эдгээрийг гүйцэтгэлийн хувиар нь авч үзвэл дунджаар хэдэн хувьтай байгаа вэ. Түүнчлэн ирэх хичээлийн жилд хэд нь ашиглалтад орохоор төлөвлөгдсөн талаар тодруулъя?

-Барилгын гүйцэтгэл дунджаар 60 хувьтай байна. Ирэх хичээлийн жилд тухайн сургууль, цэцэрлэгүүд бүгдийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Барилгын явцад ямар асуудал үүсэж байна вэ, мөн тэдгээрийн хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа вэ?

-Хамгийн түрүүнд газрын асуудал тулгамддаг. Үүний дараагаар хөрөнгө санхүүжилт бидний хувьд бэрхшээлтэй байгаа. Жишээлбэл, зураг төсөл хийгдээд төсөвт тусгуулан батлуулах санал нь он дамжин хүлээгдсэний улмаас тухайн үеийн төсөвт өртгөөсөө одоогийн зах зээлийн үнэ нэмэгдэж зөрүү гарч байна. Мөн зурагт өөрчлөлт орж дулаан ,цэвэр, бохирын шугам сүлжээний нэмэлт зардал ч гарч байгаа. Тухайн асуудлыг холбогдох газарт нь санал тавин шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хэдэн хүүхдийн суудал нэмэгдэх тооцоолол байна?

-Жаргалант сумын VII сургуулийн дотуур байр ашиглалтад орсноор 100 хүүхдийг дотуур байраар хангаж, Мянгад болон Жаргалант сумын цэцэрлэгт ашиглалтад орсноор 375 хүүхэд цэцэрлэгтэй болох юм.  

-Бусад сургуульд дотуур хүрэлцээ хангамж хэр байна вэ?

-Дотуур байрны хэрэгцээ суманд ч гэлтгүй аймгийн төвийн захын сургуулиудад үүсэж байна.

-Орон нутагт ажиллах багшийн тоо хүрэлцээ тааруу байгаа тухай ярьж, хэлэх хүмүүс байдаг. Тухайлбал, танай аймагт багшийн хүрэлцээ хэр байна вэ?

-Багш бэлтгэдэг Ховд их сургуультай учир манайд багшийн хүрэлцээ хангамж сайн.

-Аймагтаа хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөр, онцлог болон хичээлээс гадуур сурагчдаа хөгжүүлэхээр хэрхэн анхаардаг талаараа ярина уу?

-Ховд аймагт боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор авьяас, номын гэгээ, багшийн хөгжил, олон нийтийн оролцоот сургууль, Бид Ховдын хүүхдүүд дэд хөтөлбөрүүд, иргэн төсөл, эрүүл мэнд аян, Хүүхдийн туурвисан урлагийн бүтээл зохион бүтээгчдийн фестиваль, бие биелгээний наадам, олон төрөлт олимпиадууд гэх мэт ажлууд амжилттай хэрэгжиж сургууль, цэцэрлэгийн бүх сурагч хүүхэд бүрэн хамрагдаж байна.

Мөн багшийн ёс зүйн асуудлыг бид онцгойлон анхаардаг. Учир нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд багшийн зөв хандлага, арга барил, ёс зүй хамгаас чухал.