Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Багмид: XXI зуун метан хийн зуун болно

Д.Мягмардорж
2019 оны 6 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг

Төр засаг төдийгүй, түмэн олондоо “Газрын тосны Багмид”хэмээн үнэлүүлсэн эрхэмтэй Монгол Улс хагас зуун жилийн дараа дотооддоо нефть нэрэх үйлдвэртэй болохоор бүтээн байгуулалтыг нь эхлүүлээд буй энэ үед ярилцсанаа хүргэе. Монголын анхны нефть боловсруулалтын инженер төдийгүй Монгол Улсын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Цагаанхүүгийн Багмид гуай өнөө жил 82 насыг зооглож буй ч салбарынхаа түүхийг cap, өдөртэй нь цэгцтэй хэлдэг аж.

-Газрын тосны салбартай амьдралаа холбосон цагаасаа эхлэн энэ салбарын хөгжил, цаашлаад мэргэжилтэн бэлтгэх үйлсэд зүтгэсэн хүний хувьд Монгол Улс дотооддоо баялгаа боловсруулж эхлэх өдөр дөхөж буй энэ үед юу бодож суудаг бол? 

-Боловсруулах, олборлох инженер юу бол доо, мэдэхгүй. Яг мэргэжлийн инженер байхгүй шүү дээ. Юу заагаад байгааг мэдэхгүй байна. Өрөмдлөгийн инженерүүдийг бол сайн бэлтгэн гаргадаг. Хадгалалт, тээвэрлэлт дээр асуудалгүй мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ салбарт 10 мянга гаруй хүн ажилладаг. Техникийн их сургуулийн бэлтгэсэн инженерүүд 600-700 хүрсэн байх аа. Тэр хэмжээний хүний нөөцийг багтаачих газар бага. 

Зарим нь инженерийн дээд мэргэжил эзэмшчихээд түгээгч энэ тэр л хийж байгаа харагддаг. Түгээгчийг дээд сургуулиар бэлтгэж байгаа нь жаахан тусгүй л юм. Тийм учраас сургалтын программаа сайн харж, хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй гэж боддог. Арай хялбар гэсэн рүү нь хүмүүс давхиж ороод байна. Мэргэжилтэн бэлтгэхэд төрийн зохицуулалт хангалтгүй. Одоо бараг монголчуудын олонх нь хуульч, эдийн засагч байх. Нөгөө талд нь инженер гэх юм уу нарийн мэргэжлийн ажилтан дутагдлаа. Бодлого зохицуулалт байхгүй л байна гэсэн үг.

-Манайх одоо үйлдвэрлэлтэй болчихлоо. Харин тэнд ажиллах монголчууд хомс гэж дууллаа. Энэтхэгтэй хамтарч байгаа учраас тэнд мэргэжилтнүүдээ бэлдэх гээд байх шиг байна?

-Одоо манайд байгаа хайгуулын компаниуд бараг бүгд гаднынх. Ганц, хоёрхон нь Монголд данстай. Гэхдээ олигтой хайгуул хийж дөнгөдөггүй. Хайгуул идэвхтэй хийж байгаа, олборлож байгаа нь дандаа Хятадын компани. Тэнд монгол инженер бараг байхгүй дээ. Уг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхой хувь заасан байдаг гэсэн. Гэтэл түүнийг биелүүлж байгааг мэдэхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхийг нь газрын тосны газар их муу хянаж байна. Бодлого, хяналт муутай дураараа байх л улсууд юм. 

Яагаад муу ажиллаж байна гэхээр газрын тосны газарт нь ч мэргэжлийн хүн алга. Нэг дарга солигдохоор мэргэжлийн хүнээ халдаг. Овоо юм ойлгоод ирсэн хүнээ хална. Дараагийн шинэ хүн аваад дадлагажуулж, цаг алддаг. Энэ мэтчилэн бодлогогүй явсаар төрийн ой санамж, хяналт алдагдсан. Уг нь Монгол Улс нефть олборлож эхэллээ гэдгээ олон улсад 2000 оны эхэнд зарласан шүү дээ. 

-Хүний нөөцийн хувьд хүндрэлтэй юм байна. Газрын тосны үйлдвэрээ тогтмол найдвартай ажиллуулах дараагийн гол асуудал нь түүхий эдийн найдвартай нөөц байх. Манай газрын тосны яг баталгаажсан нөөц хэд байдаг юм бэ?

-Манай ашиглаж болох батлагдсан нөөц 43 сая тонн. Түүнээс биш нийт нөөц гээд яривал учиргүй том тоо ярина. Дэлхийн жишгээр нийт нөөцийнхөө 20 орчим хувийг л авч ашиглаж чаддаг. Бусад нь газартаа үлддэг. Техник технологи хөгжсөн, их авна л гэдэг. 

Эрдэмтдийн тооцооллоор үүнийг 35 хувьд хүргэх боломжтой гэж үздэг. Гэвч практик дээр 35 хувийг нь авсан орд байхгүй. Ялангуяа, манай онцлогт бүрэн авах хүндрэлтэй. Тэгэхээр 43 сая гэдэг бол авч болох хэмжээ. Цаана нь байгаа 300 гаруй сая тонн бол эдийн засгийн хувьд ашиггүй нөөц.

-Одоо жилд нэг сая гаруй тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлээд явж байна. Тэгэхээр 40-өөд жилийн баталгаажсан нөөцтэй гэж үзэж болох уу?

-Жилээр тооцох нь популизм юм даа. Анх тогтоогдсон нөөцөө 10-аад жил ашиглачихлаа. Жилд нэг сая тонныг олборлосон гэж үзвэл, өнөө олон жилийн нөөцөөс чинь хасагдана. Нөгөө талаар 43 сая тонн гэдэг тоо бол хамгийн багаар бодсон хэмжээ болов уу. Гаднын компаниуд багаар тооцох сонирхолтой. Яагаад гэвэл, өдрийн олборлолт нэмэгдээд ирэхээр хуваагдах процент нь дагаад өсдөг. Одоо бүх олборлолтын 40 хувийг зардлаа нөхөг гээд компанид нь өгчихөж байгаа. Цаана нь үлдсэн хэсгийн 40 хувийг Монголын тал авч байгаа.

Өөрөөр хэлбэл, нийт олборлолтын 24 хувь гэсэн үг. Дорнодод ашиглаж буй хоёр орд дээр бид 24 хувийг л авч байгаа. Гэрээг нь байгуулсан хүмүүс хуучин хуульд рояалтийн татвар авна гэж байхгүй хэмээн ярьдаг. Уг нь хуучин хуульд рояалти татвар авч болно гэсэн заалт байсан болов ч хэрэглэхгүй хаясан байдаг. Гэрээ байгуулахдаа ордынхоо шинж чанарыг мэддэггүй хүмүүс байгуулсан. 

Манай ордуудаас хоногт 50 тонноос дээш олборлолт хийх боломжгүй. Тэгэхэд 50 дээш олборлолт хийвэл, илүү рояалти авна гээд тавьчихсан. Энэ мэтчилэн анх Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад мэргэжлийн хүн ховор байлаа. Мэргэжлийн гэдэг бид мэтийнх нь зах зээлийн зарчмыг сайн мэддэггүй байсан. Гэхдээ сүүлд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ арай засарч, рояалтийн татвар авахаар тусгасан.

Нөөцийн хувьд 1997 онд П.Очирбат дээлээ мялааснаас хойш шинэ орд нээгээгүй. Одоо нефть байж болох газруудыг яриад байгаа. Тэр байтугай аль 1948 онд тодорхой байсан юмыг бид яриад байгаа шүү дээ.

 Жишээлбэл, Чойбалсаны Хөх нуур, Нялагийн талбай, Говь-Алтай аймгийн газрууд гэх мэтчилсэн нефтийн илрэл байсан. Байх бололцоо бий гэсэн газрууд зөндөө бий. Гэвч 20 жилийн турш нефтийн шинэ орд нээж чадаагүй байна. Ямар ч байсан Тамсагаа ашиглаж байх хугацаандаа дараагийнхаа нөөцийг нээх л хэрэгтэй.

-Газрын тосны үйлдвэрийн өөрийнх нь эдийн засгийн ашигт ажиллагааны талаар судлаачид өөр өөр зүйл ярих юм. Энэ талаар таныг л мэдээлэлтэй байдаг гэх юм билээ?

-Том жижиг олон үйлдвэрийн төсөл байдаг юм. Заримыг нь би боловсруулсан. Тэр дотроос том үйлдвэр байгуулъя гэсэн дөрвөн төсөл бий. “Оюуны Ундраа” компани 1998 онд Налайх дүүрэгт 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шавыг нь тавиад, том хашаа татсаныг бүгд мэдэж байгаа. Үндсэндээ Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар байсан ч янз бүрийн шатанд эсэргүүцэж зогсоосон. Шалтаг нь Налайхад үйлдвэр байгуулчихвал, Улаанбаатарын цаг агаарт нөлөөлнө. 

Ус нь муухай болно гэж хэлээд Байгаль орчны яам тусгай комисс байгуулан хүчингүй болсон. Мөн чанартаа тэр бол шалтаг болохоос шалтгаан байгаагүй. Шалтгаан нь цаанаа улс төрийн шалтгаан байсан болов уу гэж би боддог юм. Төслийн хувьд одоогийн барих гэж байгаа үйлдвэртэй нэлээн төстэй үйлдвэр байсан. Гэхдээ түүхий эдээ хаанаас авах нь тодорхой байгаагүй. Зүүнбаянгаас татна гэсэн. Зүүнбаянгаас тийм хэмжээний газрын тос гарахгүй л дээ.

Дараагийнх нь 2008 онд Т.Намжин академичийн боловсруулаад явж байсан төсөл. Тэр төслийг “Тояата инженеринг” компани хэрэгжүүлж, Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг хоёр сая тоннын хүчин чадалтай байхаар тооцож байсан. Тэр бол ирээдүйг харсан аятайхан хүчин чадлын тооцоо байсан юм. Технологийн хувьд ч дэвшингүй. Ганцхан тэнд болдоггүй юм нь бас л түүхий эд. Яг тэр үед Орос манайд түүхий эдээ нийлүүлэх сонирхол байгаагүй. Тиймээс дотоодын түүхий эдэд тулгуурлаагүй учраас цаашаа яваагүй. Дараагийн төсөл нь Д.Эрдэнэбат аж үйлдвэрийн сайд байхдаа Хэнтий аймгийн Бор-Өндөрт барихаар болсон. 

“Евро Ойл” гэдэг компаниар төслөө хийлгэсэн. Мөн л 1.5-2 сая тоннын хүчин чадалтай. “Евро Ойл” бол Унгарын компани. Унгарчууд гадаадад нефть боловсруулах үйлдвэр барьсан гэж би хувьдаа сонсоогүй. Удалгүй засаг солигдоод болиулсан. Одоо болохоор Энэтхэгийн туслам-жийн хүрээнд байгуулна гээд явж байна. Харин бусдыгаа бодуул хөдөлж эхэллээ. Нөхцөл нь жаахан бүрдсэн болов уу даа.

Яагаад гэхээр түүхий эд өөрсдөө боловсруулж гаргах нь ээ. Санхүүгийн эх үүсвэрээ шийдчихжээ. Засгийн зүгээс ч илүү анхаарлаа. Үндсэндээ хэрэгжээд явчих үндэс нь бүрдчихлээ. Манайхан боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулна гэж тооцож байгаа. Эдийн засгийн ашигт ажиллагааны хувьд хамгийн багаар тооцсон болов уу гэж харсан.

Түүнээс доош бол ашиг муутай. Зарим судлаач хамгийн доод тал нь хоёр сая тоннын хүчин чадалтай байж ашигтай ажиллана гэдэг юм. Гурав ч гэж үздэг. Гэхдээ үйлдвэр ашиглалтад орсон цагт хүчин чадлыг нь нэмэгдүүлээд явж болно. 1.5 сая тонноос шатахууны чиглэлээр 1.4 сая тонн бүтээгдэхүүн гарна. Гэтэл манай хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдээд байдаг. Өнгөрсөн жил гэхэд л 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Уул уурхайгаа дагаад ингэж өссөн. Эдийн засгийн өсөлт жилд дунджаар зургаан хувь байна гэж үзэхэд дахиад ч нэмэгдэнэ.

Шав тавьж байхад, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангана гэж байсан бол одоо тэгж ярих хүнгүй боллоо. Энэ талаасаа уул уурхайг дагаад дизель түлшний хэрэгцээ нэмэгдээд байгаа юм. Дизель түлш нийт хэрэглээний 60 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн онд 950 мянган тонн дизель түлш хэрэглэсэн. Боловсруулах үйлдвэрт дизель түлш гаргаж авах чиглэлээр ажиллах юм бол 860 гаруй мянган тонныг гаргана. Тэгэхээр дизель түлшнийхээ хэрэгцээг хангачих бололцоо байгаа юм.

-Газрын тос боловсруулах төсөл бүр түүхий эдийн асуудлаас болж гацсан талаар та хэллээ. Энэ удаагийн үйлдвэрийн хувьд тосоо хаанаас хэрхэн авах асуудал эцэслэгдээгүй байна. Дорнодоос татлаа гэхэд манай газрын тосны онцлог харьцангуй өтгөн буюу тээвэрлэхэд хүндрэлтэй гэдэг. Үүнийг яаж шийдвэрлэх боломжтой вэ? 

-Одоогийн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн зүйлийг айхавтар сайн анхаарахгүй бол болохооргүй байна. Техник технологийн хувьд бололцоотой орчин үеийнх. Харин бидний зүгээс анхаарах юм бол түүхий эд. Түүхий эдээ яаж тээвэрлэх вэ гэдэг асуудал байна. Зарим нь 600 км-ээс татна. Нөгөө хэсэг нь 550 км-ээс татна гэж яриад байх юм. Дорнодоос татахад хоёр үндсэн асуудал тулгараад байгаа юм. Нэгдүгээрт, Дорнодын хоёр орд хоорондоо 90 км зайтай. Цаад талын талбайгаас наашаа татах асуудлыг монголчууд өөрсдөө хариуцах юм уу, хятадын компани зөөх үү гэдгийг шийдэх хэрэгтэй.

Нэг бол хятадын талтай тохиролцох хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд бид 550 км хоолой татна. Хоолой татахад их учир бий. Манай нефть нэмэх 23-24 хэмд царцдаг. Зуны сайхан нөхцөлд царцуу л байна. Ийм нефтийг яаж тээвэрлэдэг юм бэ гэхээр олон арга бий. Энэ олон аргаас бид зөвийг нь сонгох ёстой. Европ, Энэтхэгт олон аргыг авч үзсэн байна лээ. 

Энэтхэгийн төсөлд бол үндсэндээ цахилгаанаар халаана гэсэн. Энэ найдвартай ажиллагааны хувьд маш найдвартай. Гагцхүү Дорнодод цахилгаан дамжуулах шугам байхгүй. Тиймээс үүнийг сайн бодох хэрэгтэй байна. Явж явж Энэтхэгийн тэрбум ам.доллар чинь хоолой тавихад хүрэхгүй байгаа юм. Бид гаргах ёстой. Бид хэдийг гаргах чадалтай билээ. Үүнийг маш сайн шийдэхгүй бол хэцүүднэ. Өчигдөр телевизээр “Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хоёр жилийн дотор барина гэж” авч байна лээ. 
20 км төмөр замаа хоёр жил шахам барьж байгаа шүү дээ, бид. Түүнээс хэцүү технологитой газрын тос дамжуулах хоолойг хоёр жилд татна гэж байхгүй. Газрын доогуур тавина. Халаана, замд нь дор хаяж таван станц барина.

Таван станц бүрдээ Толгойтын нефть баазын дайтай байгууламж барина. Энэ бүтээн байгуулалтыг хийж байж газрын тосоо Дорнодоос Дорноговьд авчирч чадна. Тийм учраас бариулах газар болон санхүүгийн асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй. Засгийн газраас нэн яаралтай шийдэж өгөх асуудлын нэг нь энэ. Дараагийн асуудал нь усны хангамж, 45 км-ийн цаанаас татна. 

Юу юугүй барилга эхлэх гэтэл ус байхгүй бол яах юм. Барилгын ажил эхлэх үед усны хоолой ирчихсэн байх ёстой. Энэтхэгчүүдийн гаргасан тооцоогоор бүтээн байгуулалтын явцад хоёр мянга орчим хүн ажиллана. Тэр хүмүүст орон байр хэрэгтэй. 

Үүнийг дагаад халуун ус, дулаан шаардлагатай. Эхний ээлжид 500 өрхийн орон сууц барина гэсэн барьж байгаа юм алга. Ярих биш хийх хэрэгтэй. Барилгаа барих гэж байгаа бол яаралтай барь. Үйлдвэр дагасан орон сууц хаягдах биш дээ. Дараа нь үйлдвэрийн ажилчид сууна. Эдгээрийг шийдсэн нөхцөлд л төсөл амжилттай хэрэгжинэ. Харин төмөр зам, авто зам очиж байх шиг байна.

-Үйлдвэрээ ашиглалтад оруулчихлаа гэж бодъё. Гэвч хятад компани ордын лицензийг эзэмшиж байгаа. Тэд алдагдал хүлээхийг хүсэхгүй учраас түүхий тосоо үйлдвэрт дэлхийн зах зээлийн үнээр л нийлүүлж таарна. Тэгэхээр шатахууны үнэ дэлхийн зах зээлээс хамааралтай хэвээр байна. Эсвэл төр үйлдвэрээ татаа-саар амьдруулж таарах уу? 

-Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байсан нөхцөлд хямдруулж болох ганцхан л арга бий. Тэр нь Монголын талд ногдож буй 26 хувиа хямдруулж өгөх, эсвэл үнэгүй өг. Дараа нь татвараас суутгах боломжтой. Ямартай ч хямдрах бололцоотой. Одоо үнэ өсөөд байна. Буцаагаад буухдаа 50 төгрөгөөр буурч байна. Энэ Засгийн газраас хамаарахгүй байгаа үнэ шүү дээ. 

Манайхан хэчнээн шаардаад ч дэлхийн зар зээлийн ханшид нөлөөлж чадахгүй. Компаниуд чинь алдагдалтай ажиллаж болохгүй биз дээ. Үнэтэй авсан зүйлээ хямд зарахын арга олддоггүй юм.

-Газрын тос боловсруулах үйлдвэр шатахуунаас гадна цахилгаан станцын түлш гэх шатах тослох бүтээгдэхүүн гаргана. Эдгээрийн эдийн засгийн ач холбогдол бас өндөр юм даа?

-Гол нь шатахууны чиглэлээр үйлдвэрлэл явуулна. Зуухны түлш ч гарна. Зуухны түлшээ үйлдвэр өөртөө хэрэглэж, 33 МВт-ын цахилгаан станц ажиллуулна. Өөрөө өөрийнхөө хэрэглээг хангана. Уураа дотроо хэрэглэнэ. Хэрэв Сайншанд ойрхон байсан бол дулаанаар хангах асуудал байж болно. Ер нь бол газрын тосоо олборлож, боловсруулах асуудал монголчуудын хувьд шинэ зүйл биш юм.

Монгол Улс 1949 оны тавдугаар сарын 25-нд Зүүнбаянд анх удаа нефть олборлох цооног нээж, маршал Х.Чойбалсан Оросын Элчин сайдын хамт нээсэн түүхтэй. Энэ онд 70 жилийн ойн нь тохиож байна. Улмаар өөрсдөө боловсруулж байсан гэдгийг хэлэх ёстой байгаа юм. Би тэр үеийн үйлдвэрт 10 жил дарга хийсэн. 

-Тэр үйлдвэрийг яагаад зогсоосон бэ. Дэлбэрсэн, дэлбэлсэн гэдэг түүх байдаг юм билээ. Авах сургамж байж таарна даа?

-Нөөц нь барагдсан. Тэр үед 1.9 сая тонноос авч болох 600-700 тонн нөөц авсан. Технологи нь хуучин байсан. Жижиг үйлдвэр учраас 15 жилийн настай байсан. 
Гэтэл 20 жил болж хуучирсан. Шинээр байгуулъя гэхэд Л.Брежнев “Танайх манайхаас хямдхан ав” гээд бариулаагүй. Ашиглалтын хугацааг нь хэтрүүлээд, мөлхүүлээд байхаар техник тэсэхгүй биз дээ. Тэгээд дэлбэрсэн. Бид хэдийг дэлбэлсэн бол аль хэдийнээ шоронд суулгасан байх ёстой. Аль хэдийнээ тооцоог нь хийгээд, хэзээ мөдгүй дэлбэрнэ гээд энд тэндгүй баахан бичиг явуулчихсан суусан учраас гайгүй өнгөрсөн. Одон медалиас л хасдаг болсон. Өөр зэмлэлгүй өнгөрөхгүй юу.

ЖИЖИГ ҮЙЛДВЭР БАЙГУУЛСАН НӨХЦӨЛД ТҮҮХИЙ ЭДЭЭ ЗӨВХӨН ОРОСООС Л АВНА

-Ховд аймагт баруун гурван аймгийн шатахууны хэрэгцээг хангах жижиг үйлдвэр барих сураг байна лээ. Та энэ талаар дуулсан уу?

-Жижиг үйлдвэрийн 15-16 нь төсөл бий. Зүүнбаянд дор хаяж гурван төсөл байдаг. Би хоёрыг нь хийж өгсөн. Дорнодод “Хэт” компани 120 мянган тонныг боловсруулах чадалтай үйлдвэр барина гэсэн. 

Баян-Өлгийд 50 мянгынхыг барихаар зарим тоног төхөөрөмжөө гааль дээр оруулаад ирсэн. Гаалийнхан нь ирж надаас “Энэ ямар учиртай төхөөрөмж вэ” гэж асууж байсан. Улаанбаатарт ч жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж буусан байгаа. Эрдэнэтэд хамгийн жижиг үйлдвэр 2000 оноос хойш ажиллаж байгаа шүү дээ. Хувийн хэвшлийнхэн ийм төрлийн үйлдвэр байгуулах сонирхол их байдаг юм.

-Түүхий эд нь юу байдаг вэ. Хаягдал тос ашиглаад байна уу?

-Зүүнбаян, Тамсагийн нефтийг жижиг нэрлэгийн үйлдвэрээр боловсруулахад эдийн засгийн хувьд ямар ч ашиг байхгүй. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гарна. Энэ жижиг үйлдвэрүүд хэдийд ашигтай ажилладаг вэ гэхээр Орост ашиглаж байгаа байгалийн хийнээс үлддэг шингэн газконденсат гэдэг зүйлийг нэрсэн тохиолдолд. Эрдэнэтийн жижиг үйлдвэр бол газконденсат нэрдэг үйлдвэр. Өөрөөр хэлбэл, авчирсан түүхий эдийн 66 хувь нь шатахуун болдог. 26 хувь дизель түлш болдог. Үлдсэн нь жаахан мазут болдог.

Гэтэл Тамсагийн нефтийг аваад боловсруулахад, 18 хувь нь шатахуун, 30 хувь нь дизель түлш, 50 гаруй хувь нь мазут болдог. Гэтэл Монгол Улсын нэг жилийн мазутын хэрэглээ найман мянган тонн. Зүүнбаянгийн нефть бүр дор. Бид 1950-1970 он хүртэл хорин жил боловсруулсан туршлагатай. Тэр үед арай өөр технологи хэрэглэж шатахуун, түлшийг 40 орчим хувиар гаргаж байсан. Цахилгаан станцад мазутын хэрэглээ ч өндөр байсан үе. Одоо тийм боломж байхгүй. Тэгэхээр жижиг үйлдвэр байгуулсан нөхцөлд түүхий эдээ зөвхөн Оросоос л авна.

-Нэг хэсэг “Занарын хувьсгал” гэж шуугилаа. Америкчууд занараас хямд өртөгтэй шатахуун гаргах болсон талаар мэдээлэл их явсан. Манайд занар гэдэг зүйл нь байдаг юм уу. Түүнийг ашиглах боломж бололцоо байдаг уу? 

-Занарын уриа нэг хэсэг явсан л даа. Занар гэдэг юм чинь 10-18 хувийн нефтийн тослог агуулсан чулуу. Тэрний тосыг л хайлуулан гаргадаг. Тосыг хайлуулдаг хэд хэдэн арга бий. Занараа олборлоод хайлуулж болно. 10 хувийг нь хайлуулж авлаа гэхэд, 90 хувийн хаягдлаа хаашаа хийх үү гэдэг асуудал гарна. 

Газрын доор ялган авч болдог. Гэхдээ нарийн технологитой. Газрын гүний 200-300 метрт 2-3 жил халааж байгаад хоолойгоор татан авч боловсруулдаг арга байгаа юм. Энэ нь нэгдүгээрт, маш өндөр өртөгтэй. Хоёрдугаарт, байгаль орчинд маш их хортой. Манайд гаднынхан нээлт хийгээд давхиад байсан. Тэр бол бүтэхгүй зүйл. 

-Мөн Тавантолгойн ордыг дагаад нүүрс шингэрүүлэх төсөл яригдаад, метан хийг нь ч ашиглах туршилт хийгээд эхэллээ? 

-Тавантолгойгоос нэг ашиглах ёстой зүйл бол нүүрсний метан хий. Солонгосын компани ашиглах туршилт хийж байгаа. Ер нь нүүрсний метан хийг ашиглах хэрэгтэй. XIX зуун нүүрсний зуун байсан бол XX зуун газрын тосны зуун байлаа. Харин XXI зуун метан хийн зуун болно. Одоо метан хийгээр гэр орноо халааж, моторын түлшинд хэрэглэж байна. 
Цаашид ч хүн төрөлхтний олон төрлийн түлш эрчим хүчний хэрэгцээг хангана. Дэвшилтэт технологид нэвтэрнэ. Тиймээс нүүрс шингэрүүлнэ гэж байхын оронд метан руугаа зүтгэх хэрэгтэй байгаа юм.

Метан хийн хайгуулыг өргөжүүлэх хэрэгтэй. Саяхан нэг гэрээ байгууллаа. Тэр овоо үр дүнтэй болох болов уу. Нэгэнт нүүрсээ дагаад метан нь байгаа юм чинь хэрэглэх боломжтой. Олон улсад метаныг дандаа шингэрүүлэн ашиглаж байна. Далайгаар зөөж байна. Япон, Солонгос бүгд шингэрүүлсэн метан импортолж байна. 

Оросууд Сахалинд том шингэрүүлдэг үйлдвэр барилаа. Алжир, Нигер бүгд л шингэрүүлсэн метан зөөж байгаа. Европчууд геополитикийн хувьд ОХУ-ын нөлөөллийг багасгахын тулд нөгөө талаасаа шингэрүүлсэн метан зөөх сонирхолтой байгаа. Тавантолгойн ирээдүй бол метан хий мөн. Тэр их нүүрсний ордоос их хэмжээний метан гарна. 

АНУ-ын нэг эрдэмтний бичоэн “Метан бол ирээдүйн түлш” гэдэг номонд Таванбогдод метан байгаа гээд дугуйлаад зурчихоан байна лээ. Би хараад андуураагүй байгаа даа гэж бодсон. Яг хил дээр дугуйлсан байсан. Бидний анхаарч үзэх ёстой зүйлсийн нэг л дээ. Шингэрүүлсэн метан хийг ашиглах нь Улаанбаатарыг утаанаас салгах ганц арга.

-Улаанбаатартай адил хүйтэн бүсийн хотууд хийгээр дулаанаа шийдээд, агаарын бохирдол гэдэг зүйлийг мэддэггүй юм билээ? 

-Улаанбаатар хотод байгаа олон зуун мянган зуухыг хийн түлшинд оруулах ёстой. Одоо барьж байгаа боловсруулах үйлдвэрээс 100 мянган тонн хий гарна. Түүний ирээдүйн зах зээлийг бэлдэх хэрэгтэй. Саяхан Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ Японоос баахан тоног төхөөрөмж оруулж ирээд надад үзүүлсэн. “10 гаруй айлд тавьчихлаа ямар гоё юм бэ” гээд утсаар ярьж байна лээ. Би анх 1995 онд шингэрүүлсэн хий гэдгийг зүйлийг оруулж ирээд гал командынханд байцаагдаж байлаа шүү дээ.

Толгойт дээр намайг зогсоочихоод наадах чинь дэлбэрдэг юм гээд оруулахгүй өдөржин тойрч гүйж билээ. Тэр үеийг бодвол одоо бид жилдээ 40 мянган тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг боллоо. Тээврийн хэрэгслээс гарч байгаа хорт утааг ярих болохоор 900, 1,200 автобусны асуудлыг л яриад байх юм. Уг нь 1,200 автобусаар тогтохгүй асуудал биз дээ. Тэрийг л метан хийнд оруулах талаар хотын захиргаа яриад байдаг боллоо.

ХАМГИЙН САЙН ЧАНАРЫН БЕНЗИНД 12-15 ХОЛЬЦ БАЙДАГ

-Саяхнаас хуурамч шатахуун үйлдвэрлэж, зараад байна гэж сонсогдох боллоо. Мэргэжлийн хүний хувьд үүнийг тайлбарлаад өгөхгүй юу?

 -Жишээлбэл, бензин гэхэд 497 мянган тонн, дизелийн түлш 950 мянган тонн, газ 40 мянган тонн, тос 30 мянган тонн орж ирсэн байгаа юм. Дээрээс нь бусад гээд 380 мянган тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Бусад гэдэг нь юу гэхээр бензин, дизелийн түлшинд байдаг хольцуудыг оруулж ирж байгаа. Голлон нафта, керосин гэдэг хоёр хольц орж ирдэг. Орост татваргүй байдаг юм бол бид тэрнийг татвартай болгож яах гээд байгаа юм.

Ганцхан та нар стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн гарга гэдэг хяналтаа тавих хэрэгтэй. Юу холино, тэр хамаагүй. Үнэн чанартаа одоо манайхан Оросоос авч байгаа АИ-92 төрлийн шатахууны 25 хувь нь нафта байгаа. Үүнээс гадна 10 гаруй хольц ордог. Тэр хольцоо бүгдийг нь хий. Тэгээд сайн шаардлага ханга. Үүнийгээ л сайн хянадаг болох хэрэгтэй. Хамгийн гол нь автомашины моторт тохирох шаардлагаа л хангах ёстой.

Ерөнхийдөө бензин үндсэн 5-6 хольцоос бүрддэг. Тэдгээр дээр 10-аад төрлийн нэмэгдэл хийдэг. Нийтдээ хамгийн сайн чанарын бензинд 12-15 хольц байгаа юм. Зөвхөн бензин орц нь 10 хувьтай ч бүтээгдэхүүн байдаг. Манайхан нэг хэсэг Солонгосоос оруулж ирсэн.

-Тухайлбал, “Нано шатахуун” гэдэг нь илүү хольцтой гэсэн үг үү?

-“Нано” бол манайхны өгсөн нэр. “Нано шатахуун”-тай улс дэлхийд манайхаас өөр байхгүй. Нэг тайвань нөхрийн зохисон нано хольц Р21 гэж байдаг юм. Шатахууны шаталтыг сайжруулдаг эд. Үнэ нэмэх л арга юм даа. Дэлхий дээр жил бүр 500-аад зохиогчийн эрх авдаг гэж байгаа. Нэмэгдлийг нь өөрчлөед л нэг шинэ зохиогчийн эрх авдаг. Түүнээс 50-60 нь амьдрал дээр хэрэглэдэг гэж ярьдаг. Шатахууны нэг зовлонтой тал нь хүн хараад мэдэхгүйд байгаа юм. Манайд нарийн шинжлэх лаборатори нь хүртэл байхгүй шүү дээ. Тиймээс хангадаг байгууллага л үнэнч байх ёстой.

-Манайхан шатахууныхаа 95 хувийг Оросоос авч байгаа. Голдуу “Газпром” компаниас татдаг. Гэтэл зарим нь манайх “Евро-5” зардаг гэж сурталчилах юм. Яг тэр стандартаа хангаж байна уу?

 -Орост евро стандартын бү-тээгдэхүүн гаргадаг цөөхөн үйлдвэр бий. Омск, Ангар зэрэг цөөхөн үйлдвэрт л гаргаж байгаа байх. Ихэнх үйлдвэр нь евро стандарт гаргая гэхээр тоног төхөөрөмж нь шаардлага хангахгүй байгаа юм. Хойд хөршид нийтдээ 24 том үйлдвэр бий. Тэгэхээр Оросууд евро стандартаа зөвхөн Москва мэтийн том хотууддаа л хэрэглэж байгаа. Тиймээс Оросоос орж ирж байгаа бүх шатахуун евро стандарт биш. Тэр дундаа манайхан хамгийн хямдыг нь л авч таарна.

Зураг