Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Наран: Хилийн орчимд залилах гэмт хэрэг их гардаг

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

-Томилолт-

ОХУ-ын Хиагт боомттой хиллэдэг Алтанбулаг боомт 2014 онд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш 24 цагийн ажиллагаатай болжээ.

Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дайран өнгөрөх, хил нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Алтанбулаг боомтоор өдөрт 2,000 зорчигч, 500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг ч ачаалал ихтэй үед зорчигчдын тоо 5,000 хүрэх нь байдаг гэнэ.

Хил нэвтэрч буй зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёр төрлийн зөрчил, гэмт хэрэг гарах болжээ. Тодруулбал,

  • Эм, эмийн хэрэгслийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх,
  • Гаалийн татвараас зайлсхийх гэмт хэрэг  нийтлэг үйлдэгддэг.

Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд Алтанбулаг боомтод улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг хоёр бүртгэгдсэнийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мэдээлэв.

Хил дээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмийн бүтээгдэхүүн, хадгалах хугацаа дууссан, тээвэрлэлтийн явцад чанар аюулгүй байдлаа алдсан, дагалдах бичиг баримт дутуу, нуун далдлах хэлбэрээр хууль бусаар оруулж ирсэн эм эмийн зүйлсийг хураадаг байна.

Хууль бусаар хилээр нэтрүүлэхийг завдсан эм эмийн бүтээгдэхүүнийг гаалийн байгууллага түр хугацаагаар саатуулаад цагдаагийн байгууллагад шилжүүлж, гэмт хэргийн шинж чанартай эсэхийг шалгуулна. Ингээд шүүхийн шийдвэрийг үндэслэн устгах эсвэл худалдан борлуулж улсын орлого болгодог байна.

Хил дээр хураагдсан бараа, бүтээгдэхүүнүүд:

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

"ОХУ-руу явж буй иргэд согтууруулах ундаа хэрэглэж төрийн албан хаагчидтай маргалдах зөрчил түгээмэл гардаг"

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар гааль, тагнуул, хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд болон гадаадын ингэн харьяатын газартай байнгйн хамтын ажиллагаатай бөгөөд хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх зөрчил, гэмт хэрэг үйлэгдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг зохион байгуулдаг байна.

Алтанбулаг сумын хүн амын тоо нэмэгдсэн тул 2018 оны долоодугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд цагдаагийн хэсэг байгуулагджээ.

 

Тус хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наран “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хилийн боомт, Чөлөөт бүс 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Алтанбулаг суманд 500 гаруй иргэн ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэсэг байгуулах шаардлага тулгарсан. Хэсэг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хилийн орчимд залилах гэмт хэрэг их гардаг. Мөн манай иргэд ОХУ-руу аяллаар болон албан ажлаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж дараалал дайрах, төрийн албан хаагчидтай маргалдах зөрчил түгээмэл гардаг” гэлээ.

Статистик:

Сэлэнгэ аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллага 2019 оны эхний таван сарын байдлаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1,414 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 512 буюу 36.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 902 буюу 63.8 хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл иржээ.

Мөн эхний таван сард 327 гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 17 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Энэ оны хувьд ой хээрийн таван түймэр бүртгэгджээ. Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газартай хамтран дөрвөн чиглэлд хяналтын пост 24 цагаар ажиллаж  байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
    
Энэ онд аймгийн хэмжээнд зөрчил гаргаж 153 хүн баривчлагдсанаас 92 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байжээ.