Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ариунболд: "Хөмөргөн гурвалжин"-г ЮНЕСКО-гийн тайзнаа тоглохоор бэлтгэж байна

М.Бат-Эрдэнэ, Зууны мэдээ
2019 оны 6 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Авьяаслаг Азичууд ” шоунд дэд байрт шалгарч монгол үндэсний язгуур урлагийг дэлхий дахинд тамгалсан хамтлаг бол Хөсөгтөн. Хөөмий, морин хуур гэсэн давтагдашгүй өв соёлоо олон улсад таниулахыг зорьдог тус хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Д.Ариунболдыг энэ удаагийн “Өөр зочин ” булангийн зочноор урьж ярилцлаа. Тэд есдүгээр сард гадаадын орнуудад аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

-“Хөсөгтөн” хамтлагийнхнаар сонин сайхан юутай байна вэ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Манай хамтлагийнхан одоогоор хувь хувийн ажлаа хөөж тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байна. Ойрын хугацаанд гадаад руу явсангүй. Харин есдүгээр сарын эхээр гадаадын орнуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Одоо улсын их баяр наадмын магтаал дээр ажиллаж байна. 2017 онд наадмын зохион байгуулах комиссын хүсэлтээр Монгол наадмын магтаал зохиосон. Учир нь Монгол наадамд ямар ч магтаал гэж байдаггүй юм байна. Тиймээс магтаалтай болгохоор төлөвлөж энэ сарын 20-нд клипний зураг авалт эхэлнэ. Энэ намар ер нь нэлээд ачаалалтай байх нь.

-Олон улсын тайзан дээр ардын урлагаа сурталчилна гэдэг гайхалтай зүйл шүү?

-Монголчууд долоон тэрбум хүний хийж чадаагүй, өөр ямар ч үндэстэнд байхгүй гайхамшигтай өв соёлыг бүтээсэн ард түмэн. Бидний хувьд хөөмий, уртын дуу, морин хуур бол хамгийн нандин зүйл гэж үздэг үндэсний соёл мөн. Тийм болохоор энэ өв соёлыг дэлхийд сурталчилж Монголын соёл, үүх түүхийг олонд таниулна гэдэг бол манай хамтлагийнхны хувьд гайхамшигтай зүйл. Энэ өв соёлоо олон улсад сурталчлахаас гадна орчин цагийн залуучуудад таниулж хойч үедээ өвлүүлэх нь чухал гэж боддог.

-Сүүлийн үед хамтлагтаа ямар өөрчлөлт хийсэн бэ. Шинэ хөгжмийн зэмсэг эзэмшихээс эхлээд өөрчлөгдсөн зүйл байгаа байх?

-Уламжлалт судалгаанаас гарч байгаа эртний хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн өнгө аяст нийлүүлэхийг зорьдогт Хөсөгтөн хамтлагийн мөн чанар оршдог. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн гэж боддог. Манай хамтлаг төмөр хуур, хулсан хуур, хурган чих, төрийн ятга гэсэн сүүлийн үед шинээр гарсан бүх зэмсгийг уран бүтээлтэйгээ холбож, энэ зүйлээрээ дамжуулж өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж ардын урлагаа сурталчлах зорилгоор ажиллаж байгаа.

Би хөгжмийг нь зохиосон ‘’Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг аравдугаар сарын 9-нд хүн төрөлхтний хамгийн том өв соёлыг хамгаалдаг ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглох “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг нь эртний хөгжмийн зэмсгийн цуглуупгаар бүрдсэнээрээ онцлогтой. Манай эриний өмнөх 5,000 жилийн өмнөх амьдралыг бид орчин цагийн хөгжмөөр илэрхийлэхээс илүү түүхэн судалгаан дээр суурилсан эртний хөгжмөөр илэрхийлэхийг зорьсон.

-Танай хамтлагийн амжилтын нууц юунд оршдог юм бол?

-“Хөсөгтөн” бол авьяастай, чадварлаг, хийж буй зүйлдээ дур сонирхолтой хүмүүс нэг дор бүрэлдсэн хамтлаг. Зорьсон зүйлдээ бүхнээ зориулж чаддаг залуус нэгдэж хамтлаг болсон нь энэ бүх амжилтыг гаргах үндэс гэж боддог.

-Та хөөмийлөхийг хаана сурсан юм бэ?

-Намайг анх хөөмий сурч байхад манай улсад цөөн хөөмийч байлаа. Би хэн нэгэн хүнд шавь орж байгаагүй. Ардын дуу бүжгийн чуулгад ажилладаг байсан найз нөхдийнхөө нөлөөллөөр хөөмийг сурсан гэж болно. Хөөмий бол дэлхийн хүмүүсийн өөрсдийнх нь оюуны бүтээл, хамгийн гайхамшигтай өв соёл нь.

Харин монгол хөөмий нэг хүний биеэс хоёр авиа зэрэг гардгаараа онцлогтой. Бусад улс орны хүмүүс яаж нэг хүнээс хоёр авиа гардаг юм, ингэж болдог юм уу гэж их асуудаг. Сайн сонсвол өнгө, аялгуу гэсэн хоёр зүйлийг хоолойноосоо зэрэг гаргаж байгаа нь мэдрэгддэг юм.

-Хөөмийчөөс гадна их хуур тоглодог шүү дээ?

-Хөгжим бүжгийн дунд сургуульд 1989 онд шалгалт өгөөд Л.Баасанхүү багшийн шавь болсон. Тэр цагаас хойш хөгжимтэй нөхөрлөөд 30 жил болж байна. Анхны мэргэжил их хуурч байсан ч одоо бол хөгжмийн зохиолч мэргэжлийг давхар эзэмшсэн. Экил гэж морин хуурын хөгжим байдаг. Экил хөгжимд зориулсан концерт тоглосон. Бас шанзны, төгөлдөр хуурын бүтээл дээр давхар ажиллаж байгаа. Их хуурч болсноороо бас олон улсад амжилт гаргасныхаа дараа монгол хүн болж төрсөндөө эх орноороо бахархах сэтгэл төрдөг. Дэлхийн том том тайзан дээр тоглосны дараа би ямар гайхамшигтай ард түмэн дунд өсөж өндийсөн азтай хүн юм бэ гэж бодогддог.

-Үндэсний хөгжмөөс өөр сонирхдог зүйл бий юу?

-Уран зураг сонирхдог. Тиймдээ ч зураач найз нарынхаа үзэсгэлэнд очих дуртай. Өөрөө зураг зурдаггүй ч гэлээ уран зураг надад олон юм бодогдуулж, оюуны маш том орон зайд аялуулдаг. 

Хүн нэг юм бодоод зураг зурсан байлаа гэхэд тэр бүтээлийг өөрийнхөө оюун бодлын хэмжээнд мэдэрнэ гэдэг гайхалтай зүйл.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Надад чөлөөт цаг гэж байдаггүй. Цаг наргүй ажилладаг хүн. Өглөө 04:00 цагт босоод шөнө 00:00 цагт унтана. Хэрвээ чөлөөт цаг гэж гарвал гэр бүлээрээ ууланд алхаж аялна гэж боддог.

-Амьдралын утга учир юунд оршдог гэж боддог вэ?

-Ариунболд гэдэг хүнийг бий болгохын төлөө байдаг болов уу. Хүн өөрийгөө хүн болгож, гол утга учраа бий болгож чадсан тохиолдолд бусдыг хайрлаж, жаргал бэлэглэж чадна. Эхлээд өөрийгөө олох дараа нь өөрийгөө хүнээрээ байлгах нь амьдралын утга учир гэж боддог.

Зураг