Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгч 30 хоногийн дотор хариу өгөөгүй учраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд санал байхгүй гэж тооцсон"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхнээс нь хуулийн зөрчилтэй эхэлж болохгүй. Бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зөвшилцөлгүйгээр үнэмлэхүй олонхоороо Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана гэж байхгүй шүү гэдэг сануулгыг та бүхэнд өгч байна. 

Мөн заавал хуулийн төслөөрөө өргөн баригдах ёстой. 

Байнгын хорооны гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал авахаар хоёр удаа бичгээр хандсан. Ерөнхийлөгчөөс 30 хоногийн дотор хариулт өгөөгүй учраас хуулийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд санал байхгүй юм байна гэж тооцсон. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар, Үндсэн хуулийн цэцээс тус тус санал ирсэн. Дэгийн хуулиар дээрх саналуудыг чуулганы хуралдаанд танилцуулдаг. Тэгэхээр маргаашийн чуулганы хуралдаанд уг саналуудыг танилцуулна.   

Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан хуулийн төслийг танилцуулснаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг шинэ нам байгуулагдсан. МАНАН мафийн эсрэг ард түмний хөдөлгөөний шаардлага Үндсэн хуулийн өөрчлөлтөд яаж тусгагдсан бэ. Төрийг мафиас яаж салгах вэ. Баялгийн тэгш хуваарилалтыг яаж хийх вэ. Үүнийг хэлж өгөөч. 

Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан: Нэмэлт өөрчлөлтийн төсөл хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг чиг баримжаагаар хийгдсэн. Нэмэлт өөрчлөлтөөр бүх шатанд хариуцлагыг сайжруулахыг зорьж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ парламентын цорын ганц түүхэн үүрэг энэ Үндсэн хуулийн өөрчлөлт байж болох юм
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогдоно. Энэ цикл явсаарбайгаад парламентын сонгуультай давхцах юм бишүү. Үүнийг яаж харж байгаа вэ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Нэг нь тэгш тоон дээр тэгш тоо нэмээд, нөгөө нь сондгой тоон дээр тэгш тоо нэмээд яваад байхаар хоорондоо давхцахгүй. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор ийнхүү хэлэлцэв. 

Харин маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэх юм.