Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгоос Хятадад гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө цуцлагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг Хонг Конгийн хууль тогтоох байгууллага өнөөдөр хэлэлцэж чадсангүй хойшлууллаа.

Уг хуулийн анхны хэлэлцүүлэг өчигдөр буюу Лхагва гарагт болох байсан ч Хонг Конгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн үр дүнд хойшилсон юм.

Өчигдөр тус хотын засаг захиргааны байрны орчимд болсон мөргөлдөөний үеэр цагдаа нар резинэн сумаар буудаж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бол жагсагчдын зарим нь тоосго нүүлгэж байв.

Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг зургаадугаар сарын 20-нд товлосон ч дахин хойшлох магадлал өндөр байна. Учир нь Хонг Конгийн иргэд энэ үеэр дахин тэмцэл өрнүүлэхээр бэлдэж байгаа юм.

Өнөөдөр өглөөний байдлаар засаг захиргааны байрны гадна харьцангуй цөөн эсэргүүцэгчид байсан ч эрх баригчид “аюулгүй байдлыг хангах” шалтгаанаар энэ долоо хоногийг дуустал байраа хаах шийдвэр гаргажээ.

Мөн тус байрны ойр орчмын худалдаа, үйлчилгээний газрууд өнөөдөр ажиллаагүй байна.

Өнөөдөр өглөөний байдлаар мөргөлдөөний үеэр гэмтсэн иргэдийн тоо 79 хүрснээс хоёр хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.

Оргодол гэмт этгээдийг Хятадын талд шилжүүлбэл шударга бусаар шийтгүүлэх магадлал өндөр гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байгаа юм.

Тиймээс хэрэгтэн шилжүүлэх хууль нь Хонг Конгийн бие даасан байдлыг алдагдуулж, санхүүгийн өрсөлдөх чадвар, нэр хүндийг унагана гэж тэд болгоомжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Nikkei