Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Фрида Калогийн цорын ганц дуу хоолойн бичлэг Мексикт олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Домогт зураач Фрида Калогийн дуу хоолойн бичлэгийг анх удаа олсноо Мексикийн Үндэсний Дуу Бичлэгийн Сан зарлажээ.

1955 онд цацагдсан “El Bachiller” радио шоуны нэгэн хэсэгт зураач эмэгтэйн дуу хоолой бичигдэж үлдсэнийг тус сангийн архиваас олсон гэнэ.

Фрида Кало 1954 онд нас барсан бөгөөд бичлэгийг нь жилийн дараа радиогоор цацаж байжээ.

Бичлэгт тэрээр өөрийн нөхөр, зураач Диего Риверагийн намтраас уншиж байгаа гэнэ. 

Мексикийн соёлын сайд Алехандро Фраусто үүнийг Фрида Калогийн дуу хоолойн цорын ганц үлдсэн бичлэг байх магадлалтай гээд архивт хийх судалгаагаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Тус улсын түүхэн хүмүүсийн ховор дуу хоолойн бичлэгийг Үндэсний Дуу Бичлэгийн Санд хадгалж байдаг. Гэхдээ энд зочилсон хүмүүсийн хамгийн их асууж сурагладаг зүйл нь Калогийн хоолойн бичлэг гэдгийг сангийн захирал Павел Гранадос баталсан юм.

“Өнөөдрийг хүртэл Фрида Калогийн ганц ч бичлэг манайд байгаагүй. Түүний дуу хоолой хэзээ ч дуусашгүй эрэл хайгуул, оньсого байсан юм” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Одоо Мексикийн эрх баригчид уг санд хадгалагдаж байгаа “El Bachiller” радио шоуны 1,300 хуурцгийг дижитал хэлбэрт хувиргаж, Калогийн өөр бусад дуу хоолойн бичлэгийг хайхаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: The Guardian