Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны ерөнхий хуулийг "засаж" батлав

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авснаар уг хуулийн төсөлд өөрчөлт оруулах шаардлага үүссэн. Хууль зүйн байнгын хорооны боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Захиргааны ерөнхий хуульд УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гэжээ. Үүнд:

  • Гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр
  • УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа гэсэн байна. 
Өөрөөр хэлбэл, гадаад бодлого, өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой Засгийн газар болон түүний харьяа байгууллагын гаргасан шийдвэрүүд Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй нөхцөл байдал үүсээд байсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан юм. 

Харин УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг өөрчлөлтөөр УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргаж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой Засгийн газрын шийдвэр шүүхээр хянагдахгүй гэсэн агуулгатай заалт байсныг хассан байна. Ингэснээр зөвхөн УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрүүд шүүхийн хяналтаас гарах юм. 

Өмнөх хуульд байсан өргөн агуулгыг хумьсан мэт боловч “улс төрийн шийдвэр” гэдэг нэрийн дор улам өргөжүүлж батлах гэж байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн. 

Учир нь улс төрийн шийдвэр гэдгийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасантай холбож байгаа нь хэтэрхий өргөн хүрээг хамарч байгааг тэрбээр хэлсэн юм. 

Ийнхүү санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.