Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Этиоп эмэгтэй хүүхэд төрүүлээд 30 минутын дараа төгсөлтийн шалгалтаа өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт дорнод Африкийн Этиоп улс даяар дунд сургуулийн төгсөлтийн шалгалт эхэлсэн байна.

Сонирхолтой нь тус улсын 21 настай иргэн Алмаз Дересэ шалгалтын өдөр хүү төрүүлээд 30 минутын дараа эмнэлгийн өрөөнд шалгалтаа өгч чаджээ.

Шалгалтаас хоцорч, дахин нэг жил алдахгүйн тулд тэр шууд шалгалт өгөх хүсэлтийг амьдардаг дүүргийнхээ захиргаанд гаргасныг албаныхан хүлээж авсан байна.

Ингээд эмнэлгийн өрөөнд томилогдож ирсэн хяналтын хүний дэргэд Дересэ англи хэл, математик, амхарик (Этиопын албан ёсны хэл) хэлний шалгалтуудаа өгчээ. Мягмар гарагт тэр эмнэлгээсээ гарсны дараа сургууль дээрээ очиж бусад шалгалтуудаа өгсөн байна.

Алмаз Дересэ 17 насандаа нөхөрт гарсан ч дунд боловсролын гэрчилгээ авах мөрөөдлөө орхиогүй юм. Нөхөр нь ч түүний зүтгэлийг дэмжиж байжээ.

Этиоп улсын залуу охид эмэгтэйчүүдийн 40 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө нөхөрт гардаг бөгөөд дунд сургуульд хөл хүнд охид суралцах явдал түгээмэл байдаг.

2018 оны НҮБ-ын тоо баримтад үзүүлснээр Этиопт насанд хүрээгүй 15 сая гэрийн эзэгтэй байгаагаас гуравны нэгээс илүү нь 15 нас хүрэхээсээ өмнө гэрлэжээ.

Энэ жилийн төгсөлтийн шалгалт эхэлсэн өдөр нийтдээ 11 сурагч хүүхэд төрүүлснийхээ дараа шалгалтад орсон тухай тус улсын боловсролын яамны төлөөлөгч мэдээлсэн байна.

Этиоп даяар энэ жил 1.2 сая сурагч төгсөлтийн шалгалт өгч байгаагийн тал нь эмэгтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN