Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад газрын ховор металлын салбартаа шинэчлэл хийж байна

Г.Од
2019 оны 6 сарын 12
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Хятадын эрх баригчид газрын ховор металлын олборлолт, үйлдвэрлэлийн гол бүс нутгуудадаа өргөн цар хүрээтэй хяналт судалгаа явуулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 10-наас тус улсын газрын ховор металлын чиглэлээр “Стратегийн эрдэс, түүхий эд” судалгааг эхлүүллээ.

Энэ хүрээнд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Байгалийн нөөцийн яамнаас ӨМӨЗО, Жанси, Фужан, Хунан, Гуандун, Гуанши болон Сичуан зэрэг долоон мужид газрын ховор металлын нөөцийн боломж, үйлдвэрлэлийн судалгааны ажил явуулж байна. Судалгааны явцад, бүс нутгийн удирдлагууд газрын ховор металлын үйлдвэрлэл болоод салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар нарийвчилсан статистик бэлтгэх үүрэг хүлээжээ. Мөн тус бүс нутагт газрын ховор металлын салбарыг хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох учиртай.

Эдгээр долоон муж нь Хятадын газрын ховор металлын олборлолт төвлөрсөн гол бүс нутаг юм.  Өнөөгийн байдлаар тус улсад газрын ховор металлын экспортын тусгай зөвшөөрлийг удирдах шинэ системийг нэвтрүүлэх ажил хэрэгжиж буйг Хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдэв. Энэхүү мэдэгдэлд цаашид газрын ховор металлын үнэ өсөх хандлагыг онцолжээ. 

Газрын ховор металлын салбар дахь шинэчлэл нь АНУ-тай эхлүүлээд байгаа “худалдааны дайнд” Хятадын өгч буй хариу алхам гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ далимаар тус улс газрын ховор металлын экспортоо хязгаарлаж, бүр зогсоож болзошгүйг шинжээчид санууллаа. 

Дэлхийн газрын ховор металлын нийт нөөцийн 40 орчим хувь Хятадын газар нутагт байдаг бөгөөд олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийн 70 гаруй хувийг дангаар хангадаг. Харин АНУ-ын үйлдвэрлэлийн 80% Хятадын газрын ховор металлын экспортоос хамаарч байна. 

Хятад энэ оны эхний таван сард 19 мянган тонн газрын ховор металл экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2%-иар буурчээ. 

Зураг